Tag Archives: Гэрээ

Гадаад улсын иргэд тоон гарын үсэг хэрэглэх боломжтой болно

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сард баталсан бөгөөд энэ оны 5 дугаар сарын 1-ээс мөрдөж эхэлнэ.

Хуулийн шинэчилсэн найруулгад цахим гарын үсэг болон тоон гарын үсгийг ялгаж өгсөн. Хуульд зааснаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг мэдээллийн системийн тусламжтайгаар цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд (төрийн нууцад хамааруулснаас бусад) цахим гарын үсэг хэрэглэнэ.

Ер нь тоон гарын үсэг бол тухайн хүний дахин давтагдашгүй өгөгдөл (хурууны хээ зэрэг)-ийг цахим хэлбэрт хувиргасан аливаа баримт бичгийг баталгаажуулдаг мэдээлэл юм. Тоон гарын үсэг нь цахим гарын үсгийн нэг хэлбэр бөгөөд тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн, гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна гэж хуульд заажээ. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Цахим тамга нь тоон гарын үсэгт тавигдах шаардлагыг хангасан байх бөгөөд цахим тамгыг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ. Тоон гарын үсэг хэрэглэхийн тулд тоон гарын үсгийн гэрчилгээтэй байна. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна гэж хуульд заажээ.

Тоон гарын үсэг үүсгэх болон хувийн түлхүүрийг хадгалах, хэрэглэхэд шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах бөгөөд уг хэрэгслийг гэрчилгээ эзэмшигч эзэмшинэ. Монгол улсын иргэдийн хувьд иргэний үнэмлэхийг тоон гарын үсгийн хэрэгслээр ашиглаж болно гэж хуульд тусгайлан заасан бөгөөд тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээлэл, хувийн түлхүүрийг иргэний үнэмлэхний санах ойд байршуулна. Тоон гарын үсгийн хэрэгслийн төрөлд хуулийн хязгаар тогтоохгүй боловч шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийн төрлийн жагсаалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам гаргана.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэхээр заасныг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн мөн тоон гарын үсэг хэрэглэх боломжтой болсон. Мөн гадаад улсын хууль тогтоомжийн дагуу олгосон гэрчилгээг хуульд заасан нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд хуульд заасан журмын дагуу Монгол Улсад олгосон гэрчилгээтэй адилтган хэрэглэж болохоор хуульчилсан байна. Түүнчлэн тоон гарын үсгийн гэрчилгээнд тусгах мэдээллийг, гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх зохицуулалтыг, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаарх төрийн зохицуулалтыг

Ковид-19 Цар Тахалаас Улбаатай Гэнэтийн Болон Давагдашгүй Нөхцөл Байдал

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж зарлаад байгаа Коронавирус (COVID-19)-ийн тархалтаас үүдэлтэй Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлээд буй хорио цээрийн онцгой нөхцөл бизнес эрхлэгч хувь хүн хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндээр тусч эхлээд байна.

Энэ нь бизнес эрхлэгч нар зээлийн төлбөр, хүү, түрээсийн төлбөр зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байх эрсдэлийг бий болгож байна.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал хүндэтгэн үзэх үндэслэл болох ба талуудын гэрээгээр хүлээж буй үүрэг, хариуцлага болон эрсдэлийг хуваарилах асуудлууд тулгарч байна.

Иймд бид үйлчлүүлэгчиддээ энэ хүнд үеийг хохирол багатай туулж гаргах арга зам, гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг эрэлхийлсэн хууль зүйн гарц, зөвлөгөө туслалцааг үзүүлж байна. Гэрээний үүргээс чөлөөлөгдөх давагдашгүй хүчин зүйлийг нотлох баримт нь давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ юм.  

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Худалдаа аж үйлдвэрийн танхим нь “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” бүрэн эрхтэй байхаар хуульчилжээ.

Тиймээс, талууд хоорондоо гэрээний үүрэг биелүүлэх, биелүүлж байх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд МҮХАҮТанхимаас “Force majeure” буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон “Hardship” буюу Хүнд нөхцөл байдал”-ын баталгаа гаргаж өгдөг. 

“Баталгаа” гаргуулахыг хүсэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага МҮХАҮТ-д дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  • Баталгаа гаргуулах тухай хүсэлт
  • Гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /монгол хэлээр/
  • Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тухайн нөхцөл байдлыг нотлох бусад баримт бичиг

Хэрэв та дээрх нөхцөл байдал дахь өөрийн эрх, үүрэг хариуцлагын талаар зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Нотариатын мэдэгдэх хуудасны ач холбогдол

Нотариатын мэдэгдэх хуудас гэдэг нь төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн мөнгө, эд хөрөнгө гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ үйлдэж буй нотариатын хууль зүйн хүчин чадал бүхий акт билээ.

Та нотариатын мэдэгдэх хуудастай бол шүүгч түүнийг үндэслэн захирамж гаргах бөгөөд ийнхүү  3 шатны шүүхийн шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй  тул хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой. Ингэхдээ шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд төлдөг улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй тул таны зардлыг ч гэсэн хэмнэж байгаа юм.Гэрээний аль нэг тал мэдэгдэх хуудаст заасан үүргээ сайн дураар биелүүлэгүй тохиолдолд шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг гарсанаас хойш 7 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авагдана.

Харин энэхүү цаг мөнгө хэмнэсэн баримт бичгийн бичихэд дараах шаардлагыг тавьдаг байна:

  • Талуудын байгуулсан гэрээнд үүргийг “үл маргах журмаар” биелүүлэхээр заасан байх,
  • Гэрээ болон баримт бичиг нь нотариатаар гэрчлэгдсэн байх,
  • Нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байх,
  • Гэрээний дагуу төлөх төлбөрийг талууд хүлээн зөвшөөрсөн байх,
  • Тухайн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байх.

Гэрээ ба нотариатчийн үүрэг

Нотариатч гэрээний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхлээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг тайлбарлан өгах үүрэг хүлээсэн. Түүнчлэн нотариатч талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулан үзэж, эдгээр нь зөрчигдөөгүй тохиолдолд гэрээ, хэлцлийг гэрчилдэг болно.

Монгол улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах гэрээ, хэлцлийг хуульд заавал нотариатаар гэрчлүүлнэ гэж заажээ:

  • Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
  • Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл
  • Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
  • Бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
  • Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
  • Тэжээн тэтгэх гэрээ
  • Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах тухай гэрээ, хэлцэл
  • Мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ.

Нотариатч нь хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч хуульд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно.