Нотариатын мэдэгдэх хуудасны ач холбогдол

Нотариатын мэдэгдэх хуудас гэдэг нь төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн мөнгө, эд хөрөнгө гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ үйлдэж буй нотариатын хууль зүйн хүчин чадал бүхий акт билээ.

Та нотариатын мэдэгдэх хуудастай бол шүүгч түүнийг үндэслэн захирамж гаргах бөгөөд ийнхүү  3 шатны шүүхийн шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй  тул хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой. Ингэхдээ шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд төлдөг улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй тул таны зардлыг ч гэсэн хэмнэж байгаа юм.Гэрээний аль нэг тал мэдэгдэх хуудаст заасан үүргээ сайн дураар биелүүлэгүй тохиолдолд шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг гарсанаас хойш 7 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авагдана.

Харин энэхүү цаг мөнгө хэмнэсэн баримт бичгийн бичихэд дараах шаардлагыг тавьдаг байна:

  • Талуудын байгуулсан гэрээнд үүргийг “үл маргах журмаар” биелүүлэхээр заасан байх,
  • Гэрээ болон баримт бичиг нь нотариатаар гэрчлэгдсэн байх,
  • Нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байх,
  • Гэрээний дагуу төлөх төлбөрийг талууд хүлээн зөвшөөрсөн байх,
  • Тухайн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байх.