Өв залгамжлалын тухай хуулийн зохицуулалт

Өв залгамжлал гэдэг нь хүнийн амьд сэрүүн байхдаа бий болгосон хөрөнгийг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу эсхүл хуульд заасан журмаар өвлөн авахыг ойлгодог.

Монгол улсын хуулийн дагуу өвлөх эрхийг дараах этгээдэд олгодог байна. Үүнд:

  • Нөхөр, эхнэр /гэрлэлтээ бүртгүүлсэн байх/, төрсөн ба үрчилсэн хүүхэд, түүнийг нас барсны дараа төрсөн хүүхэд, төрсөн ба үрчилсэн эцэг эх.
  • Дээрх хүмүүс байхгүй эсхүл өвлөхөөс татгалзсан бол өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүүс, ач, зээ
  • Эдгээр хүмүүс байхгүй эсхүл өвлөхөөс татгалзсан бол ачинцар, зээнцэр.

Дээр заасан хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгч буюу нас барсан этгээдтэй нэг хаягт оршин суудаггүй байсан бол тухайн өв хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ өвлүүлэгчийн нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор нотариатчид гаргаж бүртгүүлнэ. Харин нэг хаягт оршин суудаг байсан бол тухайн хүсэлтийг гаргах шаардлагагүй юм. Хүсэлт гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үздэгийг анхаарах нь зүйтэй. Түүнчлэн, өв хөрөнгийг хүлээн авахаас татгалзах хүсэлтээ өвлүүлэгчийг нас барсан өдрөөс хойг гурван сарын дотор нотариатчид гаргаж бүртгүүлнэ.

Хэд хэдэн өвлөгчид байгаа тохиолдолд холбогдох өв хөрөнгийг хуваарилах тухай хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх боломжтой. Харин эвийн журмаар харилцан тохиролцоогүй бол тухайн өвийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх юм.

Ингэхдээ өвлөнө гэдэгт зөвхөн өв ба түүнтэй холбоотой эрхийг авч байгаа явдаг биш бөгөөд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг ч мөн адил тухайн өвлөн авсан эд хөрөнгөнд ноогдох хэмжээнд хүлээдэг болно.

Өвлөгч нь өвлүүлэгчийн оршин сууц байсан дүүрэг, аймгийн нотариатчид “ Өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт”-ийг гаргах ба тус гэрчилгээг өвлүүлэгч нас барсан өдрөөс хойш 1 жил өнгөрсний дараа олгодог юм.