Tag Archives: хөгжил

Гадаадын компанийн салбарыг Монгол Улсад байгуулах

Өнгөрсөн долоо хоногуудад манай хуулийн фирмийн монгол хуульчид гадаадын компанийн салбарыг Монгол Улсад хэрхэн байгуулах талаарх асуултуудад түлхүү анхаарч ажиллав.

Гадаадын компанийн салбар гэдэг нь тухайн компанийн оршин байгаа газраас өөр газар буюу Монгол Улсад байрладаг гадаадын компанийн нэгж хэсэг юм. Үүнээс харвал салбар нь гадаадын компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг гүйцэтгэх, толгой компаниас хараат байгууллага гэж үздэг. Компанийн салбар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан гадаадын компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна. Мөн өөрийн салбарын үйл ажиллагаанаас үүдэлтэй үр дагаврыг гадаадын компани хариуцна.

Монгол Улсад гадаадын хуулийн этгээдийн салбарыг бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгосон бусад этгээд нь улсын бүртгэлд өргөдөл гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

  • Гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар.
  • Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр.
  • Салбарын удирдлага томилох болон салбарын байрших хаяг, утасны дугаарыг тодорхойлсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр.
  • Салбарын хаяг, утас, эрхлэх үйл ажиллагааг тусгасан байгууллагын журам.
  • Удирдлага нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар.
  • Түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг салбарын хаягийн нотлох баримт.

Гадаад хэл дээр хийгдсэн бүх бичиг баримт баталгаат орчуулгаар орчуулагдсан байх ёстой бөгөөд гадаад улсад үйлдэгдсэн баримт бичгүүд апостиль гэрчилгээгээр баталгаажсан байна.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөгжлийн талаарх

2010 онд Концессын тухай хууль баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого тодорхой хэмжээгээр бий болсон. Гэвч концессын хууль нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчим, үндсэн ойлголтууд болох түншлэлийг төлөвлөх, сонгох, эрсдэлийг тооцож хуваарилах зэрэг асуудлыг бүрэн гүйцэд зохицуулж чадахгүй байгаа тул хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүсжээ.

Тухайн хуулийг хэрэгжүүлэх явцад дараах асуудлууд тулгарах болсон: Үүнд

  1. Хууль зөрчсөн сонгон шалгаруулалт явуулдаг
  2. Хуулийн шаардлага хангаагүй шууд гэрээ байгуулдаг
  3. Үр ашиггүй концессыг баталснаар төсөвт ихээхэн ачаалал үүсгэдэг
  4. Хуульд заасан журам аргачлал батлагдаагүй
  5. Төсөл сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад салбарын яамд оролцдоггүй.
  6. Төслийн төсөвт үзүүлэх нөлөө, эрсдэлийг тооцдоггүй

Иймд Концессын тухай хуулийг хүчингүй болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан. Уг хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна.