Tag Archives: Хөдөлмөр эрхлэлт

Гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урих

Энэ удаагийн блогоор Гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урих ойлголтыг хүргэе.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урихад ажил олгогч аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад сул орон тоо, тухайн ажлын байранд тавигдах шаардлагын талаарх мэдээллээ хүргүүлж, ажилтан авах хүсэлт гаргана. Тус хуулинд зааснаар аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байршуулж, нэн даруй нийтэд мэдээлнэ. Ажил олгогч гадаад улсаас ажилтан авах зорилгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжил, ур чадварыг хэт өндөр тавих, ажлын байрны шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэнийг уригч байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй. (Гэхдээ энэ нь удирдах албан тушаалд ажиллах гадаад иргэн, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан, Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтанд хамаарахгүй).

Ажил олгогч гадаад улсаас ажилтан авч ажиллуулах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана:

1. гадаад ажилтан ажиллуулах ажлын байрны ангилал, төрөл, жагсаалт, байршил, тэдгээрийн үргэлжлэх хугацааг тодорхойлсон ажлын төлөвлөгөө

2. улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөлтэй эрхлэх ажил, үйлчилгээнд хамаарах бол зөвшөөрөл

3. гадаад ажилтны мэргэжил, ур чадварыг нотолсон баримт бичиг /тухайн улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх/

4. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй гэсэн шаардлагыг хангасан талаарх мэдээлэл

5. үйлчилгээний хураамж төлсөн баримт

6. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

7. хууль тогтоомжид заасан бусад.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь ажлын байр, хөдөлмөрийн гэрээний хугацаанаас хамааран нэг жил хүртэл байх бөгөөд сунгаж болдог.

Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан ажил олгогч гадаад ажилтныг сонгон хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох бусад баримт бичгийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авна.

Гадаад ажилтныг Монгол Улсад ирсний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах шаардлагатай.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсны дараа Гадаад иргэн харьяатын газраас оршин суух зөвшөөрлийг авна.

Гадаадын иргэнийг Монгол Улсад ажиллуулах

Энэ удаагийн нийтлэлээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаарх ерөнхий ойлголтыг өгье.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын иргэнд олгох виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны ажлын байр удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

Удирдах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна.

  • гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгч.
  • аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал,
  • олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан

Гүйцэтгэх албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна.

  • Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан.
  • Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн.
  • Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн /нарийн мэргэшлийн ажлын байрны жагсаалтыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хоёр жил тутамд 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар батална/.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн;
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтан.
  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, бүх шатны боловсролын байгууллагад ажиллах багш.
  • Соёл, спортын байгууллагад ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, мэргэжилтэн

Туслах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна.

  • ур чадвар бүхий мэргэшсэн техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэнийг нотлох тухайн улсын эрх бүхий байгууллагын, эсхүл Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан.
  • Монгол Улсад зургаан сар хүртэл хугацаагаар ажиллах улирлын ажилтан.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар тогтооно.

Энэхүү тоо, хувь хэмжээг тогтоохдоо үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн санал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзана.

Дараагийн блогоор гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урих талаар бичнэ.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? (хоёрдугаар хэсэг)

Ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг анхаарах хэрэгтэй талаар үргэжлүүлэн танилцуулъя.

Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын бүтэн бус цагийн ажилтан гэж ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтныг ойлгоно. Харин ажлын бүтэн цагийн ажилтны ажлын цагийг хууль тогтоомжид заасны дагуу богиносгосныг бүтэн бус цагаар ажилласанд тооцохгүй байхаар хуульчилсан байна. Ажил олгогч түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгоно.

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажиллахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтны ашиглах тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн аюулгүй байдлыг ажил олгогч шалгаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй байна.

Хуульд зааснаар гэрээсээ ажиллах ажилтанд хуулийн 6-р бүлэг буюу ажил, амралтын цагийн зохицуулалт үйлчлэхгүй юм.

Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Зайнаас ажиллах ажилтны гэрээнд хуульд заасан хөдлмөрийн гэрээний гол нөхцөлөөс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана.

Цагийн ажилтан, гэрээсээ болон зайнаас ажиллах ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн бүтэн цагаар ажиллах үндсэн ажилтантай, эсвэл ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа бусад ажилтантай нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дурдсан төрлүүдээс алийг нь сонгохоос үл хамааран хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ болон хөдөлмөрийн нөхцлийг заавал тусгасан байх шаардлагатай юм.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? (нэгдүгээр хэсэг)

Энэ нийтлэлдээ ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг анхаарах хэрэгтэйг танилцуулъя.

Хөдөлмөрийн тухай хуульд ердийн хөдөлмөрийн гэрээ (буюу ажил олгогч нь хуулийн этгээд байх)-г иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнээс ялгаж зохицуулсан. Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний талаар өмнөх нийтлэлд дурдсан болно.

Ажил олгогч нь байнгын ажлын байранд бүтэн цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнээс гадна өөр долоон төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор хуульд заасан байна.

Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ердийн дагалднаар ажиллах гэрээний хугацаа гурван сар хүртэл байх ба харилцан тохиролцсоноор гэрээг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Харин нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах гэрээний хугацаа мэргэжлийн онцлог, эзэмших мэргэжлийн дадлага, ур чадвараас шалтгаалан хоёр хүртэл жил байх ба талууд тохиролцсоноор гэрээг нэг удаа нэг жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно. Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй байхаар зохицуулсан байна.

Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулах, ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ажил олгогч, дагалдан суралцах ажилтан, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээний хугацаа суралцах мэргэжлээс шалтгаалан гурав хүртэл жил байна. Дагалднаар суралцах ажилтанд олгох үндсэн цалинг суралцах, ажиллах цагийн харьцаа, хийх ажлын чанар, хэмжээ, сургалтын байгууллагаас авч байгаа мөнгөн тэтгэлэг зэргийг харгалзан талууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байхаар харилцан тохирно.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад дагалдан ажилтан эсвэл дагалднаар суралцах ажилтантай тусгайлан тохирсноос бусад тохиолдолд ажил олгогч нь эдгээр ажилтныг байнгын ажилд авах үүрэг хүлээхгүй байна. Хуульд заасны дагуу дагалдан ажилтан болон дагалднаар суралцах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад зохицуулалт, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрын тухай заалт нэгэн адил үйлчилнэ.

Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Тус гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалин тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байна. Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хуулиар хориглосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний төрлүүд

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлсэн найруулга энэ оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн байх аа. Гэсэн хэдий ч хараахан бүх ажил олгогч нар ийнхүү өөрчлөлтүүдийг хийж амжаагүй байж мэдэх юм. Тэдгээр ажил олгогч нарт дэм болох үүднээс хуулийн шинэчилсэн найруулгаар ямар ямар төрлийн хөдөлмөрийн гэрээ зохицуулагдах болсон тухай дурдая.

Хуулийн шинэчилсэн найрууллагад өмнөх хуулиас илүү олон төрлийн хөдөлмөрийн гэрээг зохицуулсан байна. Аль ч төрлийн хөдөлмөрийн гэрээнд хуульд заасан гол нөхцлүүдийг заавал заах шаардлагатай ба төрөл тус бүрээр тусгай зохицуулалт хийжээ. Хөдөлмөрийн гэрээний төрлүүд хоорондоо ажил олгогчийн эрх зүйн байдал, ажил мэргэжлийн онцлог, ажлын байрны ажил үүрэг болон бусад холбогдох хүчин зүйлүүдээс хамааран ялгаатай байх юм.

Хуулийн шинэчилсэн найрууллагад ажилтантай байгуулах нийтлэг хөдөлмөрийн гэрээ (буюу ажил олгогч нь хуулийн этгээд байх)-г иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнээс ялгаж зохицуулсан байна. Хуульд зааснаар иргэн туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтанг ажилд авахдаа энэ төрлийн хөдөлмөрийн гэрээг байгуулах юм. Ажил олгогч эдгээр ажилтантай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цагийг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болох бөгөөд ажил олгогчийн гэрт, эсхүл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд нь амьдарч, ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. Хуульд шинээр тусгасан бас нэг зүйл бол ажил олгогч иргэн, эсхүл ажилтны хүсэлтээр тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцэж байгаа талаар холбогдох төрийн захиргааны байгууллага зөвлөгөө өгөх ба зөвлөгөө өгсөн хөдөлмөрийн гэрээг бүртгэхээр зохицуулсан байна.

Харин ажил олгогч нь хуулийн этгээд бол ажилтантай дараах төрлийн хөдөлмөрийн гэрээг байгуулж болно гэж хуульд заасан байна. Үүнд, дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ тус тус байна. Анх харахад зарим гэрээний төрөл хоорондоо төстэй юм шиг санагдах боловч бүгд хоорондоо ялгаатай зохицуулалттай байгаа юм. Түүнчлэн хуульд ажиллах хүч нийлүүлэх гэрээний зохицуулалт орсон байна. Харин ажилд зуучлах үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахгүй бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулах юм.