Хохирлын хэмжээнээс хамаарч барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл нь зөрчил аль эсхүл гэмт хэрэг үү гэдгийг шийдвэрлэх хүчин зүйл болох бөгөөд холбогдох ял шийтгэлийн хэмжээ харилцан адилгүй байдаг тухай бид өмнөх нийтлэлүүдэд дурьдаж байсан билээ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 18.16-р зүйлд заасан “Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих” гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход бусдын барааны тэмдэг, эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийн төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсний улмаас бага хэмжээний хохирол буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтооно.
Хохирлын хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ бол мөн хуулийн дагуу дараах ажиллагаа хийгдэх юм.
- Барааны тэмдэг эзэмшигч хувь хүн, эсхүл хуулийн этгээд нь мөрдөгчид гэмт хэргийн талаархи гомдол гаргах эсхүл мэдээллэнэ. Ингэхдээ тухайн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь 300 000 төгрөгөөс дээш байх хэрэгтэй. Мөрдөгч тухайн гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол түүнийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагааг явуулж болно.
- Үзлэг,
- Шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах,
- Гэрчээс мэдүүлэг авах,
- Хэрэгт ач холбогдолтой бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах,
- Эд хөрөнгийг битүүмжлэх.
- Гомдол, мэдээлэл хүлээн авсан даруйд эсхүл мөрдөн шалгах ажиллагааны дараа дор заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах,
- Харьяалалын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах.
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх – Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокуорорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна. Ийнхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох юм. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа буюу гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл ажиллагааны үндсэн хугацаа нь 1 сар байх бөгөөд прокурор хэрэг бүртгэлтийн хугацааг 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
Харин үүнтэй холбоотой анхаарах зүйл бол хэрэв прокурор тус хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээсэн мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл прокурор тухайн хэрэг бүртгэлийн хэргийг хаах үүрэгтэй байна.