Автын ослын улмаас зөвхөн эд хөрөнгөд хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй (үргэлжлэл)

Прокурор иргэн Г-г яллахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй, харин уг заалтад “ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан”, эсхүл “эд хөрөнгөд хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул Г-ийн үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж, бусдын автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзжээ.

Иргэн Г-ийн дээрх үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохгүй боловч хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах боломжтой, мөн бусдад учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.

Энгийн үгээр тайлбарлавал Анхан шатны шүүх иргэн Г-ийн үйлдлийг эрүүгийн хэрэг биш гэж үзэж байхад давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг мөн гэж үзсэн байна.
Анхан шатны шүүх Иргэн Г-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан боловч уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учраагүй, хүний амь нас хохироогүй учир гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй гэсэн үндэслэлээр цагаатгах шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд заавал хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж байж энэ гэмт хэргийн шинжийг хангах талаар хууль тогтоогч хуульчилсан байна Энэхүү томъёололын бичвэр болон агуулгыг дүгнэж үзэхэд тухайн төрлийн хэм хэмжээнүүдийг зөрчсөн эрх зүйн зөрчлүүдээс эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалбал зохих харилцааг хүний эрүүл мэнд, тодруулбал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийн шинжээр босго тогтоон тодорхойлсон байна.

Уг хамгаалагдсан харилцаанд үл хамаарах хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг Зөрчлийн тухай хууль, мөн гэм хорыг арилгахдаа Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж, харин 12 машины хохирол болох 100 гаруй сая төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжилж хохиролоо барагдуулна.