Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг 1999 оны болон 2021 оны Хөдөлмөрийн хуультай харьцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг тайлагнасан. Тус тайланд дурьдсанаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 11,055 буюу 53,7 хувь, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 462 буюу 2,2 хувь  байна. Хөдөлмөрийн тухай хуулиар 462 хэргийг хянан шийдвэрлэсэн байна, үүнээс ажлаас үндэслэлгүй халагдсан 247 хэрэг буюу 53,5 хувь, цалин хөлсний маргаан 129 хэрэг буюу 27,9 хувь, ажлаас буруу шилжүүлсэн хэрэг 33 хэрэг буюу 7,1 хувийг тус тус эзэлж байна. 2020 оны эхний хагас жилтэй харьцуулахад хөдөлмөрийн тухай хуулиар 637 хэргийн шийдвэрлэсэн байна. 2020 оны эхний хагасыг 2021 оны хагастай харьцуулахад 147 хэрэг буюу 27,5 хувиар буурсан байна.

Үндсэндээ хөдөлмөрийн маргааныг 3 төрөлд хувааж байна.

  1. ажлаас үндэслэлгүй халагдсан
  2. цалин хөлсний маргаан
  3. ажлаас буруу шилжүүлсэн

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан сүүлийн 4 жилийн Хөдөлмөрийн маргааны тоог доорх хүснэгтээр харуулав

Огноо2017 он2018 он2019 он2020 он
Хөдөлмөрийн маргааны тоо2,2141,7851,3021,173

Дээр дурьдсан статистик тоо болон маргааны төрлөөс харахад ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа процессын алдаа гаргадаг нь элбэг байдаг. Ялангуяа орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй гэсэн үндэслэл дээр шийдвэр гаргахдаа процессын алдаа их гардаг учир энэ төрлийн маргаан их байна гэж ажиглагдаж байна.

1999 оны Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч дараах үндэслэлийн аль нэгээр хөдөлмөрийн гэрээ цуцалдаг байсан.

  1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
  2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
  3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
  4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
  5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
  6. сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
  7. контрактад заасан үндэслэл буй болсон.

2021 оны Хөдөлмөрийн хуулиар дээрх хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлүүд ихэнхи нь хэвээрээ байна. Өөрлөлтийн хувьд # (6), (7)  хасагдсан байна.

 Шинээр нэмсэн зохицуулалт нь ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл болж  байна.

# (2)-хувьд мэргэжил, мэргэшлийн түвшин, эрүүл мэнд гэж тус тусад нь салгаж, хоёр тусдаа үндэслэл болгож тусгасан байна. Мэргэжил ур чадварын хувьд  гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоодсон гэдэг үндэслэлд энэ талаар ажилтанд анхааруулж мэргэжил, мэргэшлийн ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байх урьдчилсан нөхцөл шинээр тусгасан байна.

Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон байх нөхцөл нэмсэн байна. # (4) хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт 2 ба түүнээс дээш гэж зөрчлийн давтамжийн тоог тогтоосон байна. Эрүүл мэнд болон сахилгын зөрчилтэй нэмэлт нь  2006.07.03 өдрийн №03 тоот Улсын дээд шүүхийн тайлбарт тусгасан нөхцөл оруулсан байна.

Практикт ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ашигладаг хамгийн түгээмэл хууль ёсны үндэслэл бол (1) болон (2) юм. Ажил олгогчийн нийтлэг гаргадаг алдаа нь хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгдөггүй, мэдэгдэл өгөхдөө ажилтнаар гарын үзэг зуруулж баталгаажуулж авдаггүй, мэдэгдэл өгсөн хугацаа дуусахыг хүлээхгүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргадаг, ажлаас халсан тушаал гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх, ажил хүлээлгэн өгөх хугацааг ажлаас чөлөөлөх тушаалд тусгадаггүй. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцхгүй болсныг энэ салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс эсвэл аттестатчилал болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэргүй тухайн байгууллагын даргын үзэмжээр ажлаас чөлөөлөх  гэх мэт алдаа гаргадаг.

1999 оны Хөдөлмөрийн хуулиар ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа ажил олгогч дараах үе шатыг заавал дагаж мөрдөх ёстой.

  1. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 30 хоногийн өмнө мэдэгдэнэ, ажилтнуудыг бөөнөөр нь халах тохиолдолд 45 хоногийн мэдэгдэл, контракт цуцалж байгаа бол 60 хоногийн мэдэгдэл тус тус өгнө.
  2. Мэдэгдэл хүлээн авсны дараа ажилтан түүний хуулбар дээр гарын үсэг зурна. Нэг хувь нь ажилтанд нөгөө хувь нь ажил олгогчид хадгалагдана.
  3. Мэдэгдэл өгсөн хугацаанд ажилтанг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангана.
  4. . Тэтгэмжийн дээд хязгаар тогтоогүй, харин доод хягаар нь 1 сар. Бөөнөөр халах үед тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцэн тохиролцож тогтооно.
  5. Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргана. Энэ тушаалд чөлөөлөх хуулийн үндэслэл, ажил хүлээлгэн өгөх хугацааг тусгасан байна.
  6. Ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бүрэн бичилт хийж, ажлаас халсан тушаал,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр,ажлаас халагдсан тэтгэмжийг ажлаас халагдсан сүүлийн өдөрт өгөх ёстой.

2021 оны Хөдөлмөрийн хуулиар ажлаас чөлөөлөх үе шатанд дорвитой өөрчлөлт ороогүй бөгөөд дээр дурьдсан дараалал, процессын дагуу явагдах нь байна.  Өөрчлөлтийн хувьд мэдэгдэл өгсөн хугацаанд ажилтныг заавал ажиллуулах шаардлагагүй олговор тооцож өгөөд ажлаас чөлөөлөх боломжтой байдлаар зохицуулжээ. Бөөнөөр халахад 90 хоногийн хугацаатай байна. Хэдэн ажилтантай байгууллагаас хэдэн ажилтан ажлаас чөлөөлөгдвөл бөөнөөр халах гэж үзэх вэ гэсэн хувь хэмжээ, хүний тоог тогтоож өгсөн байна.

Ажил олгогч өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон зэрэг үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд дор дурьдсан хэмжээний  тэтгэмж олгоно. Тэтгэмжийн хэмжээ үндсэн цалингаар олгоно.

а) 6-2 жил ажилласан бол 1 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх

b)  2-5 жил ажилласан бол 2 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх

c) 5-10 жил ажилласан бол 3 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх

d) 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 4 ба түүнээс дээш цалинтай тэнцэх

Бөөнөөр халах үед ажил олгогч ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж тогтооно гэхдээ тэтгэмжийн хэмжээ дээр дурьдсанаас доошгүй байна.

Тэтгэвэрт гарч байгаа ажилтан болон ажлын бүтэн бус цагийн ажилтны ажилласан цагийг бүтэн цагт шилжүүлэн тооцож дээр дурьдсаны дагуу ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгоно.

Ажлаас чөлөөлсөн тушаалыг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрвээ ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзвал оршин суугаа хаягт шуудангаар илгээснээр танилцсанд тооцоно.

Ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч 5 хоногийн дотор тодорхойлолт гаргаж өгөх үүрэг хүлээсэн байна.