АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ХУРААНГУЙ

1. Шүүх хуралдааны урьдчилсан шат

Бид та бүхэнд шүүх хуралдааны үйл ажиллагаа амьдрал дээр хэрхэн явагддаг тухай ойлголтыг өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Юуны түрүүнд шүүгч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлах бөгөөд танхимд хүрэлцэн ирсэн хүмүүст суухыг зөвшөөрдөг. Үүний дараа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирцийг бүртгэж шүүгчид тайлагнана. Хэрэв нэхэмжлэгч эсхүл хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бол нарийн бичгийн дарга тэдгээр хүмүүст мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэхийг, мөн ямар шалтгааны улмаас ирээгүй болохыг шалгана. Дараа нь шүүх оролцогчдын бичиг баримт болон төлөөлөгчийн болон эрх бүхий албан тушаалтны төлөөлөх эрхтэй эсэхийг шалгана.

 Дараа нь шүүх бүрэлдэхүүнийг зарлах буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, орчуулагч ба шинжээч зэргийг танилцуулж, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эдгээр бүрэлдэхүүнээс татгалзах эрхтэйг тайлбарлаж өгнө. Түүнчлэн шүүгч нь оролцогч талуудад тэдгээрийн эрх үүргийг танилцуулж тайлбарлаж өгнө.

Цаашлаад, шүүгч оролцогч талуудаас ямар нэгэн хүсэлт гаргах эсэхийг тодруулж асуугаад хэрэв аль нэг тал хүсэлт (шүүх хуралдааныг хойшлуулах г.м.) гаргах бол энэ талаар шүүгчид танилцуулж, шүүгч хүсэлтийг нэн даруй шийдвэрлэнэ.  Харин шинэ нотлох баримт гаргах болон хэрэгтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан санал хүсэлтийг сонссоны дараа шүүгч нэн даруй шийдвэрлэдэг.

Хэргийн оролцогчид нэмэлт тайлбар, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх хуралдааны явцад танилцуулж болох бөгөөд шүүгч хэргийг шийдвэрлэхэд чухал гэж үзэж байвал тэдгээр тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж болно.

2.  Хэрэг хэлэлцэж эхлэх

Шүүгч хэргийн талаар танилцуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлнэ. Шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна. Хариуцагч хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу талууд шүүхийн шийдвэр гарахаас өмнө эвлэрч болно.

Хэрэв хэргийн оролцогч талууд шүүхийн шийдвэр гарахаас өмнө эвлэрсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүгч зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана. Тус шүүхийн шийдвэрт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар заасан байх шаардлагатай.

Хэрэв хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр эвлэрээгүй бол шүүх хуралдааны үндсэн ажиллагаа үргэлжилнэ.