Арбитрын шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн боломжийн тухайд

МОУҮА-ын Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд зааснаар Талууд гагцхүү хуульд заасан үндэслэл болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал хойшлуулах хүсэлтийг гаргаж болно. Арбитрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт аль тохиолдлыг ойлгож хэрэглэх тухай заагаагүй байна. Гэхдээ өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг ойлгож болох юм.

Мөн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд арбитрын хуралдааны үед шинэ нотлох баримт шаардлагатай гэж Арбитрын бүрэлдэхүүн үзсэн тохиолдолд тус хуралдааныг хойшлуулж болох аж. Харин талууд шинжээч томилох хүсэлтийг гаргаж болох бөгөөд Арбитрын бүрэлдэхүүн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ийнхүү шинжээчийг томилох юм.

Түүнчлэн, нэгэнт эхэлсэн арбитрын шүүх хуралдааны явцад талууд өөрийн томилсон арбитрчаас татгалзан гарах боломж төдийлөн байхгүй. Харин арбитрчийн хараат бус мэдүүлгийг гардан авсанаас хойш Талууд 7 хоногийн дотор л татгалзан гаргах хүсэлтийг гаргаж, улмаар хойшлуулж болно.