Сүүлийн жилүүдэд аутсорсинг ашиглах нь жижиг, дунд болон бүр зарим томхоон бизнес эрхлэгчдийн дунд нийтлэг практик болж байгаа бөгөөд энэ нь эдгээр бизнес эрхлэгчдэд ажиллах хүч, эсвэл санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж өөрсдөө гүйцэтгэж чадахгүй байгаа ажил, үйлчилгээг авах боломжийг олгодог байна. Тэгвэл аутсорсинг гэж юу вэ?
Аутсорсинг гэдэг нь таны бизнест хэрэгтэй ажил, үйлчилгээг гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнээр гэрээний үндсэн дээр хийлгэхийг хэлнэ. Аутсорсинг хийхдээ гадаадын эсвэл дотоодын мэргэшсэн байгууллагыг хөлсөлж болно. Эдгээр мэргэшсэн байгууллага буюу аутсорсингийн компани нь ажил, үйлчилгээг гүйцэтгэхдээ өөрийн мэргэжилтэн(үүд)ийг захиалагч компанийн ажлын байранд байршуулан ажиллуулах, өөрийн программ хангамж, техник төхөөрөмжийг захиалагч компанийн ажлын байранд суурилуулах, эсвэл өөрийн ажлын байрнаас утас, интернэт гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Аутсорсинг хийхдээ гэрээт ажилтан, түр ажилтан эсвэл freelancer буюу чөлөөт ажилтныг гэрээний үндсэн дээр хөлслөн ажиллуулж бас болно.
Аутсорсингийн хэд хэдэн хэлбэр байдаг ба ажил, үйлчилгээг хэрхэн гүйцэтгэж байгаагаас хамаараад захиалагч компанийн хувьд аль нэг нь нөгөөгөөсөө илүү давуу талтай байна. Захиалагч компани болон аутсорсингийн компанийн байршлаас хамаараад ерөнхийдөө аутсорсингийн гурван үндсэн хэлбэр байдаг. Энэ нь onshore, offshore болон nearshore аутсорсинг. Onshore аутсорсинг гэдэг нь захиалагч компани болон аутсорсингийн компани хоёулаа нэг улсад үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Offshore аутсорсинг гэхээр эсрэгээрээ захиалагч компани болон аутсорсингийн компани нь өөр өөр улсад үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Харин nearshore аутсорсинг гэж захиалагч компани болон аутсорсингийн компани нь хөрш орнуудад эсвэл хил залгаа бүс нутагт үйл ажиллагаа явуулахыг хэлнэ.
Компаниуд маш олон төрлийн ажил, үйлчилгээг аутсорсингаар хийлгэж болдог. Компаниуд ихэвчлэн программ хангамж хөгжүүлэх, дэд бүтцийн шийдлүүдийг боловсруулах, программ хангамжийн дэмжлэг болон техникийн дэмжлэг үзүүлэх гэх мэт мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг аутсорсингоор авдаг. Түүнчлэн компаниуд хүний нөөцийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, хууль зүйн үйлчилгээ, харилцагчийн үйлчилгээ, харилцаа холбооны үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ зэргийг аутсорсингоор хийлгэх нь ихэссэн. Харин программчлах, контент бүтээх эсвэл орчуулга хийх зэрэг зарим төрлийн ажлыг гэрээт ажилтан, эсвэл чөлөөт ажилтан хөлслөн хийлгэх нь илүү нийтлэг болоод байна.
Компаниуд ихэвчлэн зардлаа хэмнэх, үр ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилгоор аутсорсинг ашигладаг. Тиймээс ч компаниуд хэрэгтэй байгаа ажил, үйлчилгээгээ өөрт байхгүй гэхдээ аутсорсингийн компаниудын санал болгож буй мэргэшлийн туршлага, мэдлэг, шинэлэг техник технологийн шийдлүүдэд тулгуурлан хийлгэдэг байна. Учир нь аутсорсингийн компани нь зөвхөн тодорхой нэг чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг учраас тухайн ажил, үйлчилгээг захиалагч компаниас илүү сайн, чанартай, түргэн шуурхай, мөн хямд өртгөөр хийж гүйцэтгэж чаддагт оршиж байгаа юм. Энэ давуу талуудыг харгалзаад компаниуд өөрсдийн үндсэн үүрэг функцээс гадуурх ажил, үйлчилгээг аутсорсингоор хийлгэж, ингэснээр тэд өөрсдийн нөөц бололцоог үндсэн үйл ажиллагаа эсвэл бизнесийн хамгийн чухал салбартаа төвлөрүүлж, улмаар зах зээлд өрсөлдөх давуу талыг олж авдаг байна.
Гэсэн хэдий ч аутсорсинг ашиглах нь компаниудад зарим нэг хүндрэл, бэрхшээл учруулж болзошгүй юм. Жишээлбэл, захиалагч компанийн хувьд тодорхой ажил, үйлчилгээг авахын тулд компанийн нууц мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл болон бусад нууцад хамаарах мэдээ мэдээллийг аутсорсингийн компанид шилжүүлэх шаардлагатай болдог ба энэ тохиолдолд аутсорсингийн компани тэдгээрийг буруугаар ашиглах, зохисгүй хадгалах/харьцах, эсвэл санамсаргүйгээр бусдад задруулах гэх мэт мэдээллийн аюулгүй байдлын эрсдлүүд үүсэх магадлалтай. Тиймээс аутсорсинг ашиглах гэж байгаа компаниуд ямар ажил, үйлчилгээг аутсорсингоор хийлгэхээ нухацтай нягтлахаас гадна аль аутсорсингийн компанитай хамтран ажиллах вэ гэдэгт чухал ач холбогдол өгөх шаардлагатай байдаг. Аутсорсингийн компанитай тогтвортой, найдвартай түншлэлийн харилцаа тогтоох, итгэлцлийн харилцаатай байх нь захиалагч компанийн хувьд маш чухал юм. Үүний тулд захиалагч компани болон аутсорсингийн компани хоорондын харилцааг гэрээгээр нарийн зохицуулах хэрэгтэй ба захиалагч компанийн зүгээс түншлэлийн харилцааг амжилттай хөгжүүлэхэд зохих хэмжээний чармайлт гаргах нь зүйтэй. Гэхдээ зарим компанийн хувьд түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд зориулж буй зардал нь аутсорсинг хийлгэж байгаа зардлаас давах тохиолдол байдаг учраас энэ нь аутсорсинг ашиглахын давуу тал(ууд)ыг үгүйсгэх явдал ч бий.
Аутсорсингийн гэрээ байгуулахад анхаарах хэд хэдэн чухал зүйлс бий. Тиймээс гэрээ байгуулахаас өмнө мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө авах нь зөв алхам болох байх аа. Гэрээ нь анхнаасаа шударга, ойлгомжтой байхаас гадна ямар ажил, үйлчилгээг аутсорсингоор авч байгааг гэрээнд тодорхой зааж тусгасан байх хэрэгтэй. Хэдийгээр гэрээ боловсруулах амаргүй ч сайн аутсорсингийн гэрээнд дараахь зохицуулалтыг тусгасан байвал зохино. Үүнд, аутсорсингоор хийх ажил, үйлчилгээг дэлгэрэнгүй тодорхойлох; ажил, үйлчилгээний үр дүн; төлбөрийн нөхцөл/хуваарь; гэрээний үндсэн болон тусгай нөхцлүүд (талуудын эрх, үүрэг); ажил, үйлчилгээг дүгнэх, хүлээн авах; талуудын хариуцлага, хохирол барагдуулах; гэрээний хугацаа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх хугацаа; болон гэрээ дуусгавар болох үндэслэл (үүнд мөн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хамаарна). Захиалагч компанийн үйл ажиллагааны чиглэлээс хамаараад гэрээнд заасан хийхээр тохиролцсон ажил, үйлчилгээний жагсаалт нь их ба бага байж болдог. Ингэхдээ ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх хугацаа, хуваарь, хүлээлгэж өгөх/авах хугацаа зэрэг нь тодорхой байвал талуудын хооронд аливаа үл ойлголцол, маргаан үүсэхээс зайлс хийх боломжтой юм. Түүнчлэн гэрээ хэзээ, ямар үндэслэлээр дуусгавар болох, дуусгавар болоход талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байх шаардлагатай. Ер нь талуудын хооронд аливаа маргаан үүссэний дараа биш харин анх гэрээ байгуулахдаа л гэрээ дуусгавар болох (үүнд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах) үндэслэл болон дуусгавар болсны дараа талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулах нь зүйтэй.
Аутсорсингийн гэрээнд тусгавал зохих бусад заалт, нөхцөлд нууцлалын заалт, гэрээт ажилтны заалт* (хэрвээ ажил, үйлчилгээ гүйцэтгэгч нь хувь хүн бол), даатгал, давагдашгүй хүчин зүйлс, маргаан шийдвэрлэх болон хэрэглэх хууль (хэрвээ offshore эсвэл nearshore аутсорсинг хийж байгаа бол) зэрэг хамаарна. Гэрээнд талуудын оюуны өмчийн талаар тусгасан байвал зохино. Тухайлбал, талууд өөр өөрсдийн эзэмшиж буй оюуны өмчийн эрхээ хэвээр хадгалж үлдэх бөгөөд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгах хэрэгтэй. Түүнчлэн гэрээний нууцлалын заалт маш тодорхой байх ёстой. Захиалагч компанийн ямар мэдээ мэдээлэл нь компанийн нууцад хамаардаг, тэдгээр мэдээлэлтэй хэрхэн харьцах, хадгалах зэргийг маш нарийн тодорхой зааж тусгах хэрэгтэй байдаг.
*энэ заалтад гэрээт ажилтан нь захиалагч компанийн ажилтан биш болох, компанийн ажилтанд олгодог хангамж, хөнгөлөлт, урамшуулал зэрэгт хамрагдахгүй байх, гэрээт ажилтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг компани хүлээхгүй байх зэрэг зохицуулалт хамаарна.