Цахим засаглал руу шилжих нь

Дэлхий нийтийн хөгжлийн хандлага хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлээр тодорхойлогдож байгаа энэ эринд улс орнууд цахим засаглал руу шилжих шаардлага бий болоод удаж байна. Тиймээс дэлхийн улс орнууд төрийн үйлчилгээгээ илүү түргэн шуурхай, ил тод, зардал багатай байлгахын тулд хэдийн цахимжуулаад эхэлжээ. КОВИД-19-ийн цар тахал дэлхий дахинд тархахад төрийн үйлчилгээг цахимаар авах шаардлага урьдныхаасаа ч их болсон юм. Монголын төр засаг ч гэсэн дэлхийн хөгжлийн энэ чиг хандлагаас хоцрохгүй байхыг хичээж явна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 1-нд албан ёсоор олон нийтэд танилцуулсан. Иргэд болон аж ахуйн нэгжүүд www.e-mongolia.mn веб портал болон “Е-Mongolia” гар утасны аппликейшн ашиглаж аль нэг төрийн байгууллагыг зорьж очилгүйгээр, өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээг гэрээсээ эсвэл ажил дээрээсээ, эсвэл хилийн чандаас ямар ч  цаг үед авч болох боломжийг  “E-Mongolia” олгож байгаа юм. Тус системийг анх танилцуулж байх үед төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой байсан. Харин одоо буюу нэг жилийн дараа төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн байна. Гэхдээ энэ бол төрийн үйлчилгээг цахимжуулж буй анхны хэрэг биш юм. Зарим төрийн байгууллагууд үйлчилгээгээ аль хэдийн цахимжуулж эхэлсэн бөгөөд зарим нь одоог хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Татварын Ерөнхий Газар 2001 оноос эхлэн татварын тайланг цахимаар авах оролдлогыг хийж эхэлсэн бөгөөд улмаар цахим татварын систем (https://etax.mta.mn), 2016 онд цахим төлбөрийн баримтын системийг (https://ebarimt.mn) тус тус ашиглалтад оруулсан. “E-Mongolia” системийг ашиглалтад оруулснаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан цахим төрийн үйлчилгээнүүд хоорондоо уялдаатай, харилцан холбоотой нэгдсэн цогц систем болж байгаа юм. Ингэснээр, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах явц хурдасна. Үр дүнд нь төрийн үйлчилгээ нийтэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүрэх юм. Гэхдээ төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж дууссан гэсэн үг биш. Харин цаашид “E-Mongolia” системийг илүү хөгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар үргэжлүүлэх юм байна.

“E-Mongolia” системээс иргэд төрийн байгууллагаас аливаа лавлагаа, тодорхойлолт авах, иргэний үнэмлэх захиалах, жолооны үнэмлэх захиалах, татвар, хураамж төлөх гэх мэт олон төрлийн үйлчилгээг авах боломжтой. Тус системээс иргэд цахимаар үйлчилгээ авахаас гадна мөн аж ахуйн нэгжүүд маш олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Жишээлбэл, компанийн баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, төрийн байгууллагуудаас тодорхойлолт, лавлагаа авах гэх мэт. Харин газар ашиглах эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсвэл барилгын тусгай зөвшөөрөл авах зэрэг илүү нарийн шаардлага, шат дамжлагатай төрийн үйлчилгээнүүд тус системд нэвтрээгүй бөгөөд ийм төрлийн үйлчилгээг “уламжлалт” аргаар авч байна. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах ажил нь амжилттай үргэлжилж энэ төрлийн үйлчилгээнүүдийг цахимаар авах боломж нь удахгүй бүрдэнэ гэдэгт найдаж байна.