Монгол улсад барааны тэмдгийн зөрчил ба гэмт хэргийг шалган шийдвэрлэх журмыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд тус тус зохицуулсан байна. Хуулийн дагуу авах арга хэмжээ, тэдгээртэй холбоотой хугацаа болон практи дээр тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгөхийг зорьж байгаа билээ.
Өмнөх нийтлэлд дурьдсанчлан, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчлийг Монгол улсын Зөрчлийн тухай хуульд заасан ба тус зөрчлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь 300 мянган төгрөгөөс илүү бол гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Иймд барааны тэмдгийн зөрчлөөс үүссэн хохирлын хэмжээ нь 300 мянган төгрөг (~$115) давж байгааг нотолж чадвал эрүүгийн хэрэг үүсгэж болох юм.
Өнөөдрийн нийтлэлээр бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд (“Хууль” гэх) заасан ажиллагааны талаар товч танилцуулж байна. Тус хуульд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахаас эхэлсэн зөрчил шалган шийдвэрлэх журмыг заасан байна. Мөн хуульд мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт төдийгүй тухайн барааны тэмдгийн зөрчлийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа заасан болно.
Тус хуулийн 1.8-р зүйлийн 6.14-р хэсэгт заасны дагуу оюуны өмчийн эрх, тэр дундаа барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчил нь оюуны өмчийн улсын байцаагчийн шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалалд багтаж байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаархи гомдол, мэдээлийг хүлээн авч хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулна. Тухайн гомдлыг хүлээн авсан даруйд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг шалгах ажиллагаа явуулсаны үндсэн дээр зөрчлийн хэрэг нээх эсэх шийдвэрийг гаргана. Хэрэг бүртгэлийн ажиллагааг дуусахад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох , аль эсхүл шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гаргах юм.
Тус ажиллагааны явцад прокурор хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх ба тухайн зөрчил гэмт хэргийн шинжтэй эсхүл илтэд зөрчил үйлдсэн байна гэж үзвэл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож яллагдагчаар татах, эсхүл зөрчлийн хэргийг хэрэг бүртгэлд буцаана. Харин барааны тэмдгийн эрхийн зөрчил тогтоогдож, шийтгэл ногдуулсан бол зөрчил үйлдэгч шийтгэлийг 15 хоногийн дотор тухайн шийтгэлийг хүлээн авснаас хойш сайн дураар биелүүлэх үүрэг хүлээх юм. Зөрчил үйлдэгч нь шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн дагуу гомдол гаргах боломжтой.
Хэдийгээр оюуны өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг гаралтын тоо их өндөр боловч харамсалтай нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн тод жишээнээс харахад, түүнийг гэмт хэрэг гэж тооцохгүйгээр зөрчил гэж үзээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар л шийдвэрлэж байна. Гэвч тухайн зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд ногдуулах хариуцлага сул байгаа нь энэ төрлийн зөрчлийн гаралтын тоо буурахгүй, хэрэгжүүлж буй арга хэмжээ үр нөлөөгүй байгаагийн нэг суурь шалтгаан билээ. Энэ нь эргээд оюуны өмчийн эрх эзэмшигчид төдийгүй холбогдох байгууллагуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна.
Ирэх долоо хоног бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг танилцуулах болно.