Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчилд ногдуулах хариуцлага

Энэхүү нийтлэлээр бид Монгол улс дах барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчил болоод түүнтэй холбоотой зөрчил ба гэмт хэргийн ялгааны талаарх ойлголтыг өгөхийг зорьлоо.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3-р зүйлд зааснаар барааны тэмдэг эзэмшигч нь өмчлөх, ашиглах, барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан бусад этгээдийн аливаа үйлдлийг таслан зогсоох болон зөрчлийн улмаас учирсан мөнгөн хохирлыг барагдуулахыг шаардах онцгох эрх эдэлнэ.

Монгол улсад барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчлийг Зөрчлийн тухай хууль ба Эрүүгийн хуульд тус тус заасан бөгөөд түүнтэй холбоотой маргааныг иргэний ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэрлэж, арга хэмжээ авах боломжтой юм.  Дор дурьдсанчлан, Зөрчлийн тухай хууль ба Эрүүгийн хуулийн дагуу ногдуулах сахилгын шийтгэл хоорондоо харилцан ижилгүй буюу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэлд ногдуулах шийтгэл гэмт хэргийн ял шийтгэлтэй харьцуулахад харьцангуй бага байна:

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн тохиолдолд зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагаагаа зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хүртэл шийтгэл ногдуулна. Тус зөрчлийг үйлдсэн хүнийг 300,000 төгрөгөөр (115 ам. доллар), харин хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр  (1150 ам. доллар) торгоно.

Харин барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөний улмаас учирсан хохирлын хэмжээ нь 300,000 төгрөгөөс (115 ам. доллар) дээш бол гэмт хэрэг тооцохоор зохицуулсан аж. Тухайн зөрчил нь гэмт хэрэг болох нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу 1 жил хүртэл хорих ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх аль эсхүл 5,400,000 төгрөг (2070 ам. доллар)  хүртэл торгуулийн ял ногдуулна. Түүнчлэн, тус гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн тохиолдол нь ялын хэмжээг хүндрүүлэх нөхцөл байхаар тусгажээ.

Аж үйлдвэрийн өмчтэй холбоотой эрхийг зөрчсөний улмаас учирсан хохирлыг тогтооход дараах нийтлэг аргачлалыг хэрэглэж болох юм:

  1. Тухайн эрхийг зөрчсөнөөс зах зээлд худалдаалагдаж олох байсан орлогын хэмжээ, ба
  2. Уг эрхийг лицензийн гэрээгээр ашигласан бол тухайн гэрээний үнийн дүнгийн хэмжээ.

Монгол улсад барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчил, тус эрхийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байна. Зөрчил ба эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор авах арга хэмжээ, хуульд заасан хугацаа болон практик дээр тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг бид дараачийн нийтлэлээр хүргүүлэх болно.