Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг

МУ-ын Барилгын тухай хуульд “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл “ буюу барилгын ажлын зөвшөөрөл гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлнэ. Ийнхүү барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүд Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийгАймаг, нийслэлийн Засаг даргад гаргах шаардлагатай. Ингэхдээ дараах баримт бичгийг хавсаргана:

  • барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
  • барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
  • зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
  • гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.

Түүнчлэн, дээрх заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг, мөн барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана.

Аймаг, нийслэлийн Засаг дарга хүсэлтийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг ажлын 10 өдөрт багтаан олгож, гэрчилгээгээр баталгаажуулна.