Барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл болон барилгын ажлын зөвшөөрөл авсаны үндсэн дээр явуулдаг байна.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгоно. Хэрвээ барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд дахин 5 жилээр сунгаж болно.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөшөөрөл авсан хуулийн этгээд нь барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Тиймээс, барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудад барилгын ажлын зөвшөөрөл авах нь маш чухал юм.
Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжид дараах төрлийн барилгын ажлын зөвшөөрөл олгоно. Үүнд: i) барилга байгууламжийг шинээр барих, ii) барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих, iii) барилга байгууламжийг буулгах.
Барилгын ажлын зөвшөөрлийг аймаг болон нийслэлийн Засаг дарга олгодог байна.
Барилгын ажлын зөвшөөрлийг авахаар аймаг болон нийслэлийн засаг даргад хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана.Мөн түүнчлэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад доорх материалыг бүрдүүлж өгнө. Аймаг, нийслэлийн Засаг дарга доорх материалуудыг хянаад ажлын 10 хоногт багтааж шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоно.
- барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
- барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
- зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
- гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.
Барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо дараах мэдээллийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд тусгадаг байна.Үүнд;
- барилга байгууламжийн байршлын талаархи мэдээлэл;
- газрын бүртгэлийн мэдээлэл, кадастрын код;
- барилгын ажлын зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн дугаар;
- барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;
- барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа үйлчилж эхлэх он, сар, өдөр;
- барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын талаархи мэдээлэл;
- барилга байгууламжийн ангилал;
- барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн талаархи мэдээлэл;
- барилгын ажлын зөвшөөрөл олгосон ажилтны албан тушаал, гарын үсэг.
Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно. Захиалагч барилгын ажлын зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана. Засаг дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна. Хэрвээ захиалагч барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаагүй бол барилгын ажлын зөвшөөрлийг дээр дурьдсан процессын дагуу шинээр авна.