БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны дүнгээр хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл байгаа нь тогтоогджээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүн амын дийлэнх хувь нь өдөр тутам хэрэглэж, хоногийн хэрэгцээт илчлэгийнхээ ихэнх хэсгийг хангадаг өргөн хэрэглээний хүнсийг баяжуулан хэрэглэхийг зөвлөсөн байна.

Тиймээс Монгол Улсын Их хурал нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийг шинээр баталж, 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Хоол хүнс баяжуулах нь хүн амыг аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэхэд чиглэсэн ба мөн өртөг бага, үр дүн сайтай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ юм.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 336 тоот тогтоолоор “Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт”-ыг баталсан. Энэхүү тогтоолоор буудайн гурил, талхны зориулалтын гурил болон давсыг баяжуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол улсад импортлогдож буй гурил болон давсанд мөн хамаарна.

ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд, буудайн гурилыг баяжуулах бэлдмэл нь В бүлгийн болон Д амин дэм, төмөр, цайр агуулсан холимог найрлагатай байна.  Харин хүнсний зориулалттай давсыг кали иодат (KIO3)-аар баяжуулна. 

Баяжуулсан хүнсний тухай хуулийн хүрээнд баяжуулсан хүнсийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэх, баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг батлан гарахаар төлөвлөж байгаа ажээ.