Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг эхлээд Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс авна. Хэрвээ Төлөөлөн Удирдах Зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулна.
Компанийн хуулийн 88.1-т “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.
Санал нэгтэйгээр шийдвэр гаргана гэдгийг юу гэж ойлгох вэ. Жишээ нь А гэдэг нэртэй ХХК нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-тэй гэж бодьё. ТУЗ-ын бүх гишүүн буюу 5 гишүүн их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрнө гэсэн үг үү эсвэл ТУЗ-ийн 5 гишүүнээс 1 гишүүн нь ТУЗ-ийн хуралд ирээгүй, хуралд оролцсон 4 гишүүн зөвшөөрсөн тохиолдолд санал нэгтэйгээр шийдвэр гаргасан гэж үзэх үү. Хуралд оролцсон эсэхийг үл харгалзан ТУЗ-ийн бүх гишүүд их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрүүлэхийг ойлгож байна уу эсвэл ТУЗ-ын хуралд ороцсон бүх гишүүд зөвшөөрөхийг ойлгож байна уу гэдэг асуулт гарах байхаа.
Энэ тохиолдолд ТУЗ-ийн хурлын хүчин төгөлдөр байдал болон шийдвэр хүчин төгөлдөр болох зохицуулалтыг Компанийн хуулиас харвал Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Мөн түүнчлэн тухайн компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. Тиймээс тухайн компани компанийн дүрмээрээ бүх гишүүдийн саналаар ТУЗ-ийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж заагаагүй бол тухайн хуралд оролцсон бүх гишүүдийн шийдвэрээр их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрнө гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хуралд оролцсон бүх гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрч байж их хэмжээний хэлцэл хийнэ гэсэн үг.
Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудал шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Компанийн дүрмээр зарим ТУЗ-ын гишүүдийг их хэмжээний хэлцэл хийх шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй байхаар зохицуулсан байж болно. Энэ тохиолдолд шийдвэрийг саналын эрхтэй ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй буюу ТУЗ-ын хуралд оролцсон гишүүдийн зарим нь зөвшөөрөөгүй буюу дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ.
Их хэмжээний хэлцэл хийх асуудлаар эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.