Монголын Визний Онлайнаар авах

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газраас зарим төрлийн визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ.

Өмнө нь иргэд материалын бүрдлээ авчирч өгөх болон хариугаа хүлээн авахаар ирдэг байсан бол одоо ирэх шаардлагагүйгээр хүсэлтийнхээ хариуг хүлээн авах боломжтой болж байна.

Цаг хугацаа хэмнэсэн, иргэдэд ойр төрийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монголын Гадаад иргэд харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эхний удаад жуулчин J болон бизнес Б ангиллын нэг удаагийн болон олон удаагийн бизнес ангиллын орох гарах визний зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Иймд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас авах түр ирэгчийн 31-90 хоногийн визийн зөвшөөрөл, 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл, олон улсын хилийн боомт дээрээс авах визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар өгөх боломжтой аж.

Энэхүү үйлчилгээг цахим хэлбэрээр авахын тулд http://www.immigration.gov.mn хуудасны дээд хэсэгт байрлах Цахим хуудас буланд хандах эсхүл http://www.evisa.mn хаягруу шууд нэвтэрч болно.

Ингэхдээ иргэн, байгууллага та цахим визийн зөвшөөрлийн мэдүүлгийг бүртгүүлэхдээ, гадаадын иргэнийг урихад визний зөвшөөрлийг мэдүүлэх шат дарааллыг сайтар судлаж танилцсаны үндсэн дээр бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахим хаяг болон мессежээр авах бүрэн боломжтой юм байна.

Визийн зөвшөөрөл гэж Гадаад харилцааны яам эсвэл Гадаадын иргэн, харьяатын газраас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг.