5 болон түүнээс дээш хувийн саналын эрхтэй энгийн хувьцаа эзэмшигч нь дараах 4 асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад санал оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагад гаргаж болдог байх нь. Үүнд
- хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар;
- төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх санал;
- тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх санал;
( (ii) болон iii) aсуудлыг компанийн дүрэмд хурлаар хэлэлцэхээр заасан бол)
- гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлэх хүний талаарх санал.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар саналыг оруулахдаа тодорхой шаардлага, шалгуур хангах ёстой. Ингэхдээ саналаа бичгээр гаргах бөгөөд санал гаргах үндэслэл, санал оруулж байгаа хувьцаа эзэмшигчийн овог нэр, түүний эзэмшлийн хувьцааны төрөл (энгийн эсвэл давуу эрхийн гэх мэт), тоо (хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа тоо)-г тусгана.
Төлөөлөн удирдах зөвлөл, тооллогын комиссын гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлбэл нэр дэвшигчийн овог нэр, (хэрвээ компанийн хувьцаа эзэмшигч бол хувьцааны тоо төрөл), нэр дэвшүүлж байгаа хувьцаа эзэмшигчийн овог нэр, хувьцаа төрөл, тоо, нэр дэвшүүлж байгаа үндэслэлээ дурьдах ёстой.
Шийдвэр гаргахад дээр дурьдсан шалгуурууд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Саналыг шийдвэрлэх процесс
Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй тохиолдолд гүйцэтгэх удирдлага ирүүлсэн саналыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ ирүүлсэн санал нь дээр дурьдсан шаардлагыг хангасан эсэхийг шалгаад хэрвээ хангасан бол уг саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах үүрэгтэй. Хэрвээ санал нь шаардлага хангаагүй бол татгалзсан шийдвэрийг шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор санал гаргасан хувьцаа эзэмшигчид хүргүүлнэ.
Хэрвээ санал гаргагч татгалзсан шийдвэртэй санал нийлэхгүй бол энэ талаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй.