Ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг анхаарах хэрэгтэй талаар үргэжлүүлэн танилцуулъя.
Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын бүтэн бус цагийн ажилтан гэж ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтныг ойлгоно. Харин ажлын бүтэн цагийн ажилтны ажлын цагийг хууль тогтоомжид заасны дагуу богиносгосныг бүтэн бус цагаар ажилласанд тооцохгүй байхаар хуульчилсан байна. Ажил олгогч түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгоно.
Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажиллахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтны ашиглах тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн аюулгүй байдлыг ажил олгогч шалгаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй байна.
Хуульд зааснаар гэрээсээ ажиллах ажилтанд хуулийн 6-р бүлэг буюу ажил, амралтын цагийн зохицуулалт үйлчлэхгүй юм.
Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Зайнаас ажиллах ажилтны гэрээнд хуульд заасан хөдлмөрийн гэрээний гол нөхцөлөөс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана.
Цагийн ажилтан, гэрээсээ болон зайнаас ажиллах ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн бүтэн цагаар ажиллах үндсэн ажилтантай, эсвэл ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа бусад ажилтантай нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.
Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дурдсан төрлүүдээс алийг нь сонгохоос үл хамааран хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ болон хөдөлмөрийн нөхцлийг заавал тусгасан байх шаардлагатай юм.