ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог шинэ зохицуулалтын талаар цувралаар хүргэж байна. Тус хуульд Хөдөлмөрийн маргааны зохицуулалтын талаар шинэлэг онцлог зохицуулалт тусгагдсан байна.

1999 оны хөдөлмөрийн тухай хууьд хөдөлмөрийн маргааныг ганцаарчилсан болон хамтын маргаан гэж ангилдаг байсан ба хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх мэдлийг шүүхэд төвлөрүүлснээс хугацаа алдаж, талуудын хооронд зөвшилцөх боломжийг хязгаарласан нь ажилтан болон ажил олгогч талын аль алинд хүндрэл учруулдаг байсан.

Иймээс дээрх хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор шинэ хуулиар хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилж, маргааныг урьдчилан хянан шийдвэрлэх механизмыг бүрдүүлжээ.

Тус хуульд “Хөдөлмөрийн эрхийн маргаан” гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг, харин “Хөдөлмөрийн сонирхлын маргаан” гэж хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг тус тус ойлгоно гэж тодорхойлжээ.

Хөдөлмөрийн эрхийн маргааныг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсвэл шүүх шийдвэрлэхээр заажээ. Харин Сонирхлын маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэх, дараагийн шатанд хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэх, сүүлийн шатны арга хэмжээ болгож ажил хаялт зохион байгуулах дараалалтай байхаар зохицуулсан байна.

Энэхүү шинэ хуулийн дагуу хөдөлмөрийн маргааныг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэх, урьдчилан шийдвэрлэх механизм хэрэгжсэнээр ажилтан, ажил олгогчид маргааны цаг алдахгүй хурдан шийдвэрлүүлэх боломж бүрдэх ба мөн шүүхийн одоогийн ачаалал буурна гэсэн хүлээлттэй байна.

Бид дараагийн блогоороо хөдөлмөрийн сонирхлын болон эрхийг маргааныг шийдвэрлэх шинэ механизмын талаар танилцуулах болно.