Шинээр Батлагдсан Оюуны Өмчийн Тухай Хуулийн Талаар

Монгол Улс нь оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хуулийг тус тус баталсан байна.

Эдгээр хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Тухайлбал, оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм.

Иймд дээрх зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой Оюуны өмчийн тухай шинэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан. Энэ хууль нь 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ба дараах асуудлыг зохицуулсан байна. Үүнд:

  • оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг;
  • оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүрэг;
  • оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;
  • оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Энэхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болох, оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болох; оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа болно.