Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний төрлүүд

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлсэн найруулга энэ оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн байх аа. Гэсэн хэдий ч хараахан бүх ажил олгогч нар ийнхүү өөрчлөлтүүдийг хийж амжаагүй байж мэдэх юм. Тэдгээр ажил олгогч нарт дэм болох үүднээс хуулийн шинэчилсэн найруулгаар ямар ямар төрлийн хөдөлмөрийн гэрээ зохицуулагдах болсон тухай дурдая.

Хуулийн шинэчилсэн найрууллагад өмнөх хуулиас илүү олон төрлийн хөдөлмөрийн гэрээг зохицуулсан байна. Аль ч төрлийн хөдөлмөрийн гэрээнд хуульд заасан гол нөхцлүүдийг заавал заах шаардлагатай ба төрөл тус бүрээр тусгай зохицуулалт хийжээ. Хөдөлмөрийн гэрээний төрлүүд хоорондоо ажил олгогчийн эрх зүйн байдал, ажил мэргэжлийн онцлог, ажлын байрны ажил үүрэг болон бусад холбогдох хүчин зүйлүүдээс хамааран ялгаатай байх юм.

Хуулийн шинэчилсэн найрууллагад ажилтантай байгуулах нийтлэг хөдөлмөрийн гэрээ (буюу ажил олгогч нь хуулийн этгээд байх)-г иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнээс ялгаж зохицуулсан байна. Хуульд зааснаар иргэн туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтанг ажилд авахдаа энэ төрлийн хөдөлмөрийн гэрээг байгуулах юм. Ажил олгогч эдгээр ажилтантай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цагийг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болох бөгөөд ажил олгогчийн гэрт, эсхүл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд нь амьдарч, ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. Хуульд шинээр тусгасан бас нэг зүйл бол ажил олгогч иргэн, эсхүл ажилтны хүсэлтээр тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцэж байгаа талаар холбогдох төрийн захиргааны байгууллага зөвлөгөө өгөх ба зөвлөгөө өгсөн хөдөлмөрийн гэрээг бүртгэхээр зохицуулсан байна.

Харин ажил олгогч нь хуулийн этгээд бол ажилтантай дараах төрлийн хөдөлмөрийн гэрээг байгуулж болно гэж хуульд заасан байна. Үүнд, дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ тус тус байна. Анх харахад зарим гэрээний төрөл хоорондоо төстэй юм шиг санагдах боловч бүгд хоорондоо ялгаатай зохицуулалттай байгаа юм. Түүнчлэн хуульд ажиллах хүч нийлүүлэх гэрээний зохицуулалт орсон байна. Харин ажилд зуучлах үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахгүй бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулах юм.