Энэ нийтлэлдээ ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг анхаарах хэрэгтэйг танилцуулъя.
Хөдөлмөрийн тухай хуульд ердийн хөдөлмөрийн гэрээ (буюу ажил олгогч нь хуулийн этгээд байх)-г иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнээс ялгаж зохицуулсан. Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний талаар өмнөх нийтлэлд дурдсан болно.
Ажил олгогч нь байнгын ажлын байранд бүтэн цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнээс гадна өөр долоон төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор хуульд заасан байна.
Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ
Ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ердийн дагалднаар ажиллах гэрээний хугацаа гурван сар хүртэл байх ба харилцан тохиролцсоноор гэрээг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Харин нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах гэрээний хугацаа мэргэжлийн онцлог, эзэмших мэргэжлийн дадлага, ур чадвараас шалтгаалан хоёр хүртэл жил байх ба талууд тохиролцсоноор гэрээг нэг удаа нэг жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно. Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй байхаар зохицуулсан байна.
Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулах, ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ажил олгогч, дагалдан суралцах ажилтан, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээний хугацаа суралцах мэргэжлээс шалтгаалан гурав хүртэл жил байна. Дагалднаар суралцах ажилтанд олгох үндсэн цалинг суралцах, ажиллах цагийн харьцаа, хийх ажлын чанар, хэмжээ, сургалтын байгууллагаас авч байгаа мөнгөн тэтгэлэг зэргийг харгалзан талууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байхаар харилцан тохирно.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад дагалдан ажилтан эсвэл дагалднаар суралцах ажилтантай тусгайлан тохирсноос бусад тохиолдолд ажил олгогч нь эдгээр ажилтныг байнгын ажилд авах үүрэг хүлээхгүй байна. Хуульд заасны дагуу дагалдан ажилтан болон дагалднаар суралцах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад зохицуулалт, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрын тухай заалт нэгэн адил үйлчилнэ.
Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ
Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Тус гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалин тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байна. Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хуулиар хориглосон байна.