2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Иргэн Г- ийн том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцоогүй байна.
Прокуророос иргэн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасан “ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…”, “энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол…” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл прокурор иргэн Г-ийн уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгажээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн цагаатгажээ.
Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг буруутгаж, хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Иргэн Г-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, зөв гэж дүгнэжээ.