2010 онд Концессын тухай хууль баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого тодорхой хэмжээгээр бий болсон. Гэвч концессын хууль нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчим, үндсэн ойлголтууд болох түншлэлийг төлөвлөх, сонгох, эрсдэлийг тооцож хуваарилах зэрэг асуудлыг бүрэн гүйцэд зохицуулж чадахгүй байгаа тул хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүсжээ.
Тухайн хуулийг хэрэгжүүлэх явцад дараах асуудлууд тулгарах болсон: Үүнд
- Хууль зөрчсөн сонгон шалгаруулалт явуулдаг
- Хуулийн шаардлага хангаагүй шууд гэрээ байгуулдаг
- Үр ашиггүй концессыг баталснаар төсөвт ихээхэн ачаалал үүсгэдэг
- Хуульд заасан журам аргачлал батлагдаагүй
- Төсөл сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад салбарын яамд оролцдоггүй.
- Төслийн төсөвт үзүүлэх нөлөө, эрсдэлийг тооцдоггүй
Иймд Концессын тухай хуулийг хүчингүй болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан. Уг хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна.