Аливаа компанийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь түүний үйл ажиллагааны гол нүүр царай, цаашлаад компанийн үнэ бүхий хөрөнгө болдог. Олонд танигдсан барааны тэмдэгтэй бизнес эрхлэгчид зах зээлийн өрсөлдөөнд өөрийн байр сууриа бэхжүүлж хадгалах давуу талтай.
Хууль ёсны бүртгүүлсэн барааны тэмдэг нь тухайн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлж, таны эрх ашгийг хамгаалах үндэс болдог. Хэдийгээр заавал бүртгүүлэх хуулийн шаардлага байхгүй ч гэсэн компанийн барааны тэмдэгтэй ижил буюу төөрөгдөлд оруулахуйц төсөөтэй тэмдгийг бусад хэрэглэж, хууль ёсны эзэмшигчийн эрх ашгийг зөрчихөөс хамгаалах онцгой эрх билээ.
Хэрэв та өөрийн үнэ цэнэтэй цаг хугацаа, хөдөлмөрийн үр дүнд бий болсон барааны тэмдгийг Монголд төдийгүй олон улсад зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл барааны тэмдгээ гадаадад бүртгүүлэх нь зүйтэй. Нэн ялангуяа барааны тэмдэгтэй бүтээгдэхүүнээ экспортлох аль эсхүл гадаад улсад лицензээр ашиглуулахыг хүсвэл барааны тэмдгээ гадаадад бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай.
Ингэхдээ та тухайн улсад үндэсний мэдүүлэг гаргах эсвэл олон улсын мэдүүлэг гаргах боломжтой. Эхний аргыг сонгох бол, тухайн улсынхаа барааны тэмдгийн газарт холбогдох дүрэм журмын дагуу хүсэлт гаргаж болох бөгөөд тус улсын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ авах шаардлага гарч болзошгүй юм. Гадаад улсад барааны тэмдэг бүртгүүлэхтэй холбоотой үнэ хөлс тухайн улс оронд хийгдэх үйл ажиллагаанаас хамаарч харилцан адилгүй байна.
Харин олон улсын мэдүүлгийн хувьд, та Монгол улсад бүртгүүлсэн эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдгээ Монгол улсын нэгдэж орсон Мадридын системээр дамжүүлж бүртгүүлэх боломжтой. Мадридын систем нь барааны тэмдэг эзэмшигчид энэ системийн 120 оронд тогтсон хугацаанд олон улсын нэг мэдүүлгээр, нэг хэл дээр, нэг иж бүрэн хураамжаар барааны тэмдгээ бүртгүүлж болно.
Та Мадридын барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.wipo.int/madrid/en/ хаягаас аль эсхүл бидэнд хандаж авч болно.