Монгол улсын 1985 онд нэгдэн орсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенцид холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ.
Энэ заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөгдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарахаар зохицуулсан байна. Ийнхүү 2010 онд батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.13-р зүйлийн дагуу “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэдэг нь бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдэг байхаар заасан аж. Оюуны өмчтэй холбоотой нарийвчилсэн дүрэм журам боловсруулж, батлах хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын Оюуны өмчийн газар 2014 оны 04 сарын 08-нд “Барааны тэмдгийг нийтэд түгэмээл болсонд тооцох журам”- ыг батлаад байна.
Харин тухайн журам зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилж, Монголын олон ниймэд түгээмэл танигдсан /үүнд дотоод ба гадаадын барааны тэмдэг тус бүр хамаарна/ байх ёстой гэдгийг санах нь зүйтэй. Өөрийн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахтай холбоотой асуудал, маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн компаниуд тухайн хүсэлтээ Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст гаргах юм.