ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Учир нь тэрээр компанийн албан ёсны шийдвэрийг гаргах болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог. Энэ талаар Компанийн тухай хуулийн 84.1-т зохицуулсан байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилохоор заасан байдаг.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг, эсвэл ял шийтгэл эдэлж байгаа этгээд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллахыг хориглодог байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагыг  Компанийн тухай хуулийн 75.8-т хуульчилсан байна. Энэхүү шаардлага нь хувьцаат болон хязгаарлагдмал хариуцалгатай компанийн ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн даргад аль алинд нь хамаардаг байна.

Компанийн тухай хуулийн 82.2, 97.5, 98.2 зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийг тодорхой тусгасан. Үүнд:

  • төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах;.
  • хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;
  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;
  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах зэрэг болно.