ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙН ЭРХЛЭГЧ

Бид Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн талаар өмнө та бүхэнд танилцуулга бэлтгэж хүргэсэн. Энэ удаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нарын эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлаар энэхүү блогтоо хөндөхийг зорьлоо.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нарын харилцааг одоогоор Өрсөлдөөний тухай хууль, Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам болон Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохицуулж байна.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэдэг нь тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг тухайн зах зээлд эзэлж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгоно гэж заажээ. Мөн тухайн зах зээлийн борлуулалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болдог байна.

Аливаа аж ахуй эрхлэгч давамгай байдалтай эсэхийг  Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд заасан аргачлалын дагуу тогтооно. Хэрэв давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох нь тогтоогдсон бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тухайн аж ахуй эрхлэгчийг давамгай  байдалтай болохыг баталгаажуулсан шийдвэрийг гаргаж, бүртгэдэг.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь жил бүрийн I улиралд багтаан өнгөрсөн жилийн санхүүгийн баталгаат тайлан, зах зээлд хийсэн өөрийн судалгаа, санал болон шаардлагатай бусад холбогдох баримт бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлэх үүрэгтэй байна.

Тухайн тайлан, судалгаа, саналын дагуу гааль болон татварын байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагын гаргасан мэдээ, мэдээлэл, тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт зэрэг эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах шийдвэрийг гаргаж болдог.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нар давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг зэргээр зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог.