ЗҮЙ ЁСНЫ МОНОПОЛЬ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ

Бид  өмнө нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нарын эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлаар блог хүргэсэн ба одоо Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгоно гэж тодорхойлсон.

Аливаа аж ахуй эрхлэгч зүй ёсны монополь эсэхийг Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд заасан аргачлалын дагуу тогтооно. Хэрэв Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч болох нь тогтоогдсон бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тухайн аж ахуй эрхлэгчийг Зүй ёсны монополь болохыг баталгаажуулсан шийдвэрийг гаргаж, бүртгэдэг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:

  • зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах;
  • бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.

Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч нь жил бүрийн I улиралд багтаан өнгөрсөн жилийн санхүүгийн баталгаат тайлан, зах зээлд хийсэн өөрийн судалгаа, санал болон шаардлагатай холбогдох бусад баримт бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлэх үүрэгтэй байна.

Тухайн тайлан, судалгаа, саналын дагуу гааль болон татварын байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагын гаргасан мэдээ, мэдээлэл, тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт зэрэг эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг “Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах шийдвэрийг гаргаж болдог.

Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч нар монополь байдлаа хууль бусаар ашиглаж, бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг зэргээр зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог.