Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд технологийн хурдтай хөгжлийг дагаад шинээр олон төрлийн бүтээл, уран бүтээлүүд оюуны өмчийн эрхээр хамгаалагдах болсон. Үүнийгээ дагаад оюуны өмчтэй холбоотой харилцаа, гэрээ хэлцлүүд улам нарийн төвөгтэй, олон талт болж, улмаар оюуны өмчийн тухай хууль тогтоомжид цаг үедээ нийцсэн өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага үүсээд байгаа юм. Ийнхүү 2020 оны 1-р сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдаж, 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох зэрэг нийтлэг харилцааг зохицуулдаг. Тус хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидний өмнөх блогуудаас олж уншина уу. Харин оюуны өмчийн тодорхой төрлүүдийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тусгайлсан хуулиудаар зохицуулдаг.
Дээр дурдсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2021 оны 5-р сарын 6-ны өдөр Патентийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Зохиогчийн эрхийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тус тус батлагдсан.
Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн чухал нэмэлт, өөрчлөлт орсон байна. Үүнд:
- ашигтай загварт патент олгодог болсон. Өмнөх хуулиар ашигтай загварт гэрчилгээ олгодог байсан;
- шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, шалгууруудыг нь нарийвчлан тодорхойлж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлэг болгон зохицуулсан;
- “мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан;
- Монгол улсын нэгдэн орсон Патентын хамтын ажиллагааны гэрээнд хугацаа маш урт байдаг учраас мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг хуульд хэт богино тогтоосон, мөн патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг эргэлзээтэй байдлаар тогтоосныг өөрчилж, хугацааг тодорхой тогтоосон. Мөн патентын эрх зүйн бусад зохицуулалтыг Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн холбогдох зохицуулалттай нийцүүлсэн;
- мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, тодорхой болгосон;
- патент олгох, патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, сонирхогч этгээдээс эсэргүүцэл гаргах, мөн шийдвэр гаргах үндэслэлийг тодорхой заасан;
- олон улсын мэдүүлэг гаргах, хүлээн авах, шүүлт хийх, олон улсын болон бусад улсын хайлт, шүүлтийн тайланг ашиглах, хүлээн зөвшөөрөх зохицуулалт, түүнчлэн лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчилсан.
Ерөнхийдөө хуулийн шинэчилсэн найруулга нь өмнөх хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтуудыг арилгаж, мэдүүлэг гаргах, түүнд хайлт, шүүлт хийх хугацаа, журам, патент олгох, олгохоос татгалзах үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчилж, тодорхой болгосон байна.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дараа дараагийн блогтоо танилцуулах болно.