Tag Archives: Корпорац

Компани шинээр байгуулахад эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлага

Энэ удаагийн блогоор манай хуулийн фирм шинээр бүртгүүлэх хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэх үүрэгтэй байдаг эсэх талаар асуудлын талаар бичих болно.

Монгол Улс 2019 онд Татварын ерөнхий хуулийг шинэчлэн найруулсан бөгөөд хуулийн 18 дугаар зүйлд Монгол Улсын татварын байгууллага нь татварын хэлэлцээр байгуулсан бусад улстай татвар төлөгчийн талаарх мэдээллийг харилцан солилцох асуудлыг зохицуулсан. Тэрхүү харилцан солилцох мэдээллүүдийн нэг нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл юм.

Иймд Монгол Улс нь татварын хэлэлцээр байгуулсан бусад улсуудтай харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон Татварын байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сантай болох бодлогыг хэрэгжүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсад бүртгэлтэй бүх хуулийн этгээдүүд өөрсдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй болсон. Түүнчлэн шинээр байгуулагдаж буй хуулийн этгээдүүд өөрсдийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлагыг хангасны үндсэн дээр компанийг бүртгүүлэх эрхтэй болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэж тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаар эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ.

Дээрхээс дүгнэвэл шинээр байгуулагдаж буй компани нь улсын бүртгэлд бүртгүүлэхдээ  эцсийн өмчлөгчийн мэдээллийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт УБ-12 маягт бөглөн бүртгүүлэх үүрэгтэй байдаг байна.

Оюуны өмчийн тухай хууль тогтоомжийн шинэчлэл

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд технологийн хурдтай хөгжлийг дагаад шинээр олон төрлийн бүтээл, уран бүтээлүүд оюуны өмчийн эрхээр хамгаалагдах болсон. Үүнийгээ дагаад оюуны өмчтэй холбоотой харилцаа, гэрээ хэлцлүүд улам нарийн төвөгтэй, олон талт болж, улмаар оюуны өмчийн тухай хууль тогтоомжид цаг үедээ нийцсэн өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага үүсээд байгаа юм. Ийнхүү 2020 оны 1-р сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдаж, 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох зэрэг нийтлэг харилцааг зохицуулдаг. Тус хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидний өмнөх блогуудаас олж уншина уу. Харин оюуны өмчийн тодорхой төрлүүдийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тусгайлсан хуулиудаар зохицуулдаг.

Дээр дурдсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2021 оны 5-р сарын 6-ны өдөр Патентийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Зохиогчийн эрхийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тус тус батлагдсан.

Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн чухал нэмэлт, өөрчлөлт орсон байна. Үүнд:

  • ашигтай загварт патент олгодог болсон. Өмнөх хуулиар ашигтай загварт гэрчилгээ олгодог байсан;
  • шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, шалгууруудыг нь нарийвчлан тодорхойлж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлэг болгон зохицуулсан;
  • “мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан;
  • Монгол улсын нэгдэн орсон Патентын хамтын ажиллагааны гэрээнд хугацаа маш урт байдаг учраас мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг хуульд хэт богино тогтоосон, мөн патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг эргэлзээтэй байдлаар тогтоосныг өөрчилж, хугацааг тодорхой тогтоосон. Мөн патентын эрх зүйн бусад зохицуулалтыг Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн холбогдох зохицуулалттай нийцүүлсэн;
  • мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, тодорхой болгосон;
  • патент олгох, патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, сонирхогч этгээдээс эсэргүүцэл гаргах, мөн шийдвэр гаргах үндэслэлийг тодорхой заасан;
  • олон улсын мэдүүлэг гаргах, хүлээн авах, шүүлт хийх, олон улсын болон бусад улсын хайлт, шүүлтийн тайланг ашиглах, хүлээн зөвшөөрөх зохицуулалт, түүнчлэн лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчилсан.

Ерөнхийдөө хуулийн шинэчилсэн найруулга нь өмнөх хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтуудыг арилгаж, мэдүүлэг гаргах, түүнд хайлт, шүүлт хийх хугацаа, журам, патент олгох, олгохоос татгалзах үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчилж, тодорхой болгосон байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дараа дараагийн блогтоо танилцуулах болно.