Компани шинээр байгуулахад эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлага

Энэ удаагийн блогоор манай хуулийн фирм шинээр бүртгүүлэх хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэх үүрэгтэй байдаг эсэх талаар асуудлын талаар бичих болно.

Монгол Улс 2019 онд Татварын ерөнхий хуулийг шинэчлэн найруулсан бөгөөд хуулийн 18 дугаар зүйлд Монгол Улсын татварын байгууллага нь татварын хэлэлцээр байгуулсан бусад улстай татвар төлөгчийн талаарх мэдээллийг харилцан солилцох асуудлыг зохицуулсан. Тэрхүү харилцан солилцох мэдээллүүдийн нэг нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл юм.

Иймд Монгол Улс нь татварын хэлэлцээр байгуулсан бусад улсуудтай харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон Татварын байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сантай болох бодлогыг хэрэгжүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсад бүртгэлтэй бүх хуулийн этгээдүүд өөрсдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй болсон. Түүнчлэн шинээр байгуулагдаж буй хуулийн этгээдүүд өөрсдийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлагыг хангасны үндсэн дээр компанийг бүртгүүлэх эрхтэй болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэж тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаар эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ.

Дээрхээс дүгнэвэл шинээр байгуулагдаж буй компани нь улсын бүртгэлд бүртгүүлэхдээ  эцсийн өмчлөгчийн мэдээллийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт УБ-12 маягт бөглөн бүртгүүлэх үүрэгтэй байдаг байна.