Цалин, түүнтэй адилтгах орлогоос шаталсан системээр татвар төлөх зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Манай байгууллагад сүүлд ирүүлсэн олон улсын судалгааны асуулгад Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл, өөрчлөлт орсон эсэх талаар байлаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Тухайн өөрчлөлтөөр хувь хүний цалин болон түүнтэй адилтгах бусад орлогоос шаталсан татвар авах зохицуулалтыг тусгасан. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана.

  1. 0-120 сая хүртэлх төгрөгийн орлого олсон тохиолдолд 10%-ын татвар.
  2. 120 сая-180 сая хүртэлх төгрөгийн орлого олсон тохиолдолд 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс давсан орлогод 15%-ын татвар.
  3. 180 саяас дээш орлого олсон тохиолдолд  18 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс давсан орлогод 20%-ын татвар.

Жишээ нь 144 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлоготой хувь хүний 120 сая төгрөгийн орлогоос 10%-ын татвар суутгана. Үлдсэн 24 сая төгрөгийн орлогоос 15%-ын татварыг суутгаж тооцно.  

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зохицуулалт “Үл өрсөлдөх үүрэг”

Сүүлийн үед манай хуульчдад ирсэн асуултуудын нэг нь ажил олгогчоос үл өрсөлдөх үүргийг ажилтанд ногдуулах нь хуулийн дагуу эсэх талаар байлаа.

Ажил олгогчоос ажилчдадаа хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажиллахгүй байхыг үүрэг болгож болох уу гэж байнга асуудаг. Энэхүү асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл хэсэгт зохицуулсан байдаг.

Ажил олгогч үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор онцгой нөхцөл бүхий гэрээтэй ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр үл өрсөлдөх үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Үл өрсөлдөх үүргээр ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой өрсөлдөгч аж ахуй нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах эрхгүй байх юм. Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 1 жилээс илүүгүй байна. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дагаа нэмэлт нөхцөл хүчинтэй байх хугацаанд ажилтанд сүүлийн сарын цалингийн 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. Сүүлийн сарын цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал зэргийг багтаасан цалин юм.

Монгол дахь криптовалютын солилцоо, арилжаа

Бид олон улсын бизнес эрхэлдэг гадаадын олон үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байх явцад сүүлийн үед асуусан асуултуудын нэг бол криптовалют Монголд хууль ёсны эсэх, түүнийг хэрхэн зохицуулж буй талаар байлаа.

Монголд криптовалютын арилжаа, солилцоо нь хууль ёсны бөгөөд 2021 оны 12 дугаар  сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Виртуал өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай”хуулиар зохицуулагдаж байна.

Дэлхий дахинд технологийн процесс хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэж Монголд крипто хөрөнгийн зах зээл өргөжиж байна. Иймээс олон нийтийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, криптовалютын арилжаа, солилцооны талаарх шаардлагатай бүртгэл хийх мөн мөнгө угаах, террорист санхүүжүүлэхтэй холбоотой гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, хянах үүднээс эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн.

Эдгээр асуудлыг харгалзан Монгол Улс криптовалютын харилцааг зохицуулахаар “Виртуал өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийг баталсан. Хуулийн гол зорилго нь криптовалют солилцох, арилжаалах үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих, хууль ёсны эрх, үүргийг нь тодорхойлох явдал юм. 2022 оны 12 дугаар сараас эхлэн уг хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд криптовалютын солилцоо, худалдааны үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг бүртгэх, хянах эрхийг олгосон бөгөөд криптовалютын үйлчилгээ үзүүлэх компаниуд эрх бүхий байгуулагад бүртгүүлж, тусгай зөвшөөрөл авах ёстой. Түүнчлэн криптовалютын солилцоо, арилжааны үйлчилгээ үзүүлэгчийн орлогод татвар ногдуулж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдхөөр хуульчилсан болно.

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл ба шүүхийн практик

Иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн баталгааг хангах үүднээс эдийн хохирол учирснаас үл хамааран сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй байх ёстой. Монгол улсын хувьд сэтгэл санааны хохирол шаардлах эрхийг Иргэний хуулиар хязгаарласан. Шүүхийн практикт зөвхөн бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой сэтгэл санааны хохирлыг гаргуулж байна. Үүнээс бусад тохиолдолд үүсэж болох сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дох заалтыг үндэслэн сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах тухай тусгайлан зохицуулаагүй гэж тайлбарладаг.

Шүүхийн практикийг судлаж үзэхэд сэтгэл санааны хохирлыг гаргуулахад тодорхой хэд хэдэн нөхцөлийг хангах ёстой болдог. Үүнд:

  • Учирсан сэтгэл санааны хохирол нь хохирогч этгээдэд хамааралтай байх
  • Тухайн хохирлыг дахин засварлах, сэргээх боломжгүй байх
  • Санаатай болон болгоомжгүй гэм, буруутай байх
  • Үйлдэл нь жигшим, зэвүүцмээр, хэнд ч мэдэгдэхүйц үйлдлээр илэрсэн байх
  • Хохирогчид сэтгэл санааны хохиролын хэв шинж илэрсэн байх
  • Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлоо нөхөн гаргуулах шаардах эрхийг тухайлан заасан байх

Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд хэргийн хөнгөн, хүнд нөхцөл байдлаас хамааран хохирлыг гаргуулах эсэх нь ихээхэн хамаарч байна. Мөн шүүх хэдийгээр сэтгэл санааны хохирол учирсан эсэх нь нотлогдоогүй гэж үзсэн боловч илтэд ноцтой, зэвүүцмээр, жигшим үйлдэл гаргасан хэргүүдэд хохирогчийн эдийн хохиролд сэтгэл санааны хохирлын дүн, үнэлгээг багтааж нэхэмжлэлийг хангах тохиолдол ажиглагдаж байна. Гэвч иргэний хуулийн 230.2, 511 дэх заалтаар сэтгэл санааны хохирол шаардах эрхийн хүрээг хязгаарласан хэвээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр шаардах боломжийг тусгасан боловч шүүх “Иргэний хуульд тусгайлан заагаагүй” гэсэн үндэслэлээр сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр гаргуулахаас татгалзаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмших эсвэл ашиглах эрхтэй юу? МУ-ын хууль зүйн зохицуулалт

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27-44 дүгээр зүйлд газар эзэмших, ашиглах эрх, түүнийг олгох тухай зохицуулсан. Энэ удаагийн блогоор бид газар эзэмших болон ашиглах эрхийн ялгаа, гадаадын хөрөнгө оруулалттай компани газар ашиглах, эзэмших эрхтэй эсэх талаар дурдах болно.

Газрын тухай хуулийн зохицуулалтаар газар ашиглах, эзэмших эрх нь субъект, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа зэргээрээ өөр өөр байдаг. Тухайлбал, субъектийн хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлдэг.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын хуулийн этгээд мөн боловч Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших бус зөвхөн ашиглах эрхтэй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг зөвхөн газар ашиглах эрхтэй байхаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно” гэж тусгасан байдаг.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Газрын харилцаа үндэсний өв уламжлал, тусгаар тогтнолын үндэс” гэх үзэл санаатай холбоотой. Үүний учир гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгох нь Үндсэн Хуулийн үзэл баримтлалтай харшилдаг.

Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөгжлийн талаарх

2010 онд Концессын тухай хууль баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого тодорхой хэмжээгээр бий болсон. Гэвч концессын хууль нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчим, үндсэн ойлголтууд болох түншлэлийг төлөвлөх, сонгох, эрсдэлийг тооцож хуваарилах зэрэг асуудлыг бүрэн гүйцэд зохицуулж чадахгүй байгаа тул хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүсжээ.

Тухайн хуулийг хэрэгжүүлэх явцад дараах асуудлууд тулгарах болсон: Үүнд

  1. Хууль зөрчсөн сонгон шалгаруулалт явуулдаг
  2. Хуулийн шаардлага хангаагүй шууд гэрээ байгуулдаг
  3. Үр ашиггүй концессыг баталснаар төсөвт ихээхэн ачаалал үүсгэдэг
  4. Хуульд заасан журам аргачлал батлагдаагүй
  5. Төсөл сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад салбарын яамд оролцдоггүй.
  6. Төслийн төсөвт үзүүлэх нөлөө, эрсдэлийг тооцдоггүй

Иймд Концессын тухай хуулийг хүчингүй болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан. Уг хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна.

ШҮҮГЧЭЭС ТАТГАЛЗАН ГАРГАХ ПРАКТИК АСУУДАЛ

Шүүх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзах, татгалзлыг шийдвэрлэх процесс харьцангуй тодорхой мэт боловч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим нэг бэрхшээл учирдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-93 зүйлд шүүгчийг татгалзан гаргах үндэсэл, татгалзан гаргах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх, шүүгчээс татгалзан гаргасны үр дагавар зэргийг зохицуулсан байна. Энэ удаагийн блогоор практикт учирдаг зарим нэг бэрхшээлийг дурьдах болно.

Шүүгч өөрөө татгалзах үндэслэл бүхий эргэлзээ байхгүй бол хэрэг маргааныг заавал шийдвэрлэх үүрэгтэй. Хэргийн оролцогчид нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргахдаа дийлэнхдээ уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэж байвал уг үндэслэлээр татгалздаг. Энэ үндэслэлд хэргийн аль нэг оролцогчоос шүүгчийн талаар нөгөө талын оролцогчдын нөлөөнд автсан буюу автаж болзошгүй талаар тодорхой баримттай мэдээллийг гаргасан байх, уг мэдээлэл нь баталгаа нотолгоотой байх ёстой.

 Гэтэл шүүхийн практикаас харахад энэ үндэслэлээр гаргаж байгаа хүсэлтүүд нь хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, эрхийг нь хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлийг хамааруулдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр хангах, хангахаас татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө удирдан явуулдаг. Хүсэлтийг хангахаас татгалзаж байна гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзах нь тухайн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэх ч  тохиолдол  байдаг. 

Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хэргийн оролцогчдын аль нэг талд хэт давуу байдал олгох, хэт нэг талд үйлчлэх байдлаар тухайн талд ашигтай шийдвэр гаргах тохиолдол ч байдаг.

Дээр дурьдсан шүүгчээс татгалзах үндэслэлийг нотлоход маш төвөгтэй бөгөөд практикт ихэнхи тохиолдолд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт өгсөн ч хүсэлт хангагдахгүй байх тохиолдол маш элбэг байдаг.

Шүүгчээс татгалзах өөр нэг шалтгаан нь  хуульчид шүүх хуралдааныг хойшлуулах, процессыг саатуулан барих тактикаар татгалздаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширах, шүүх хуралдаан хойшлох нь олон хүчин зүйлээс хамаардаг гэхдээ түүний нэг нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзах талаар гаргасан хүсэлт түүнийг шийдвэрлэх процессоос хамааралтай хойшлолт байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд Шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан үндэслэлээр  шүүх хуралдаан хойшилсон нь 445 буюу 7,8% хувь эзэлж байна.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ

Иргэний хэргийн шүүхээр мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлүүлж дуусаад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үед хариуцагчид ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө байхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэний хэргийн маргааныг шийдвэрлэхээс өмнө харицагчийн эд хөрөнгө буюу мөнгө битүүмжлэх,  хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглох, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, нэхэмжлэлээр шаардсан мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах, тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэсэн арга хэмжээнүүдийг авч болохоор Иргэний хуульд заасан байдаг.

Практикт шүүх нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийг ихэвчлэн хангаж шийдвэрлэдэг. Гэхдээ хэргийн нөхцөл байдлаас их хамаарна. Иргэний хуулинд дээрх хүсэлтийг шийдвэрлэх хугацаа зааж өгөөгүй учир шийдвэрлэсэн хугацаа харилцан адилгүй байна. Шүүгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг нэн даруй шийдвэрлэх нь эд хөрөнгө, маргааны зүйлийг санаатайгаар нуун далдлах, бусдад шилжүүлэх, үгүй хийх эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Практикт хүсэлтийг шийдвэрлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхэд хурдан шуурхай биш, цаг алдах удааширах тохиолдол маш их гардаг.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан тохиолдолд уг гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд захирамжийн үйлчлэл зогсох эсэхийг хуульд зохицуулаагүй.Хариуцагч арга хэмжээ авсан захирамжийг эс зөвшөөрч 10 хоногийн дотор анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх уг гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэдэг. Дээрх хугацаанд буюу гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд холбогдох захирамжийн үйлчлэл зогсох эсэхийг хуулиар зохицуулаагүйн улмаас гомдлыг хянан шийдвэрлэсний дараа шийдвэр гүйцэтгэх байгууллагад захирамжийг хүргүүлдэг.  Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхтэй холбоотой ажиллагаа хийж захирамжийн ач холбогдлыг алдагдуулах боломжийг хариуцагчид олгох боломжтой байдаг.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг эс биелүүлбэл ямар хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулаагүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97.2-т заасны дагуу торгууль ногдуулах боломжтой. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2,760,000 -5,430,000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж хариуцлага ногдуулах боломжтой гэж үзэж байна.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ

Хайгуулын тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаатай олгодог бөгөөд 3 удаа сунгах эрхтэй.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргана.

Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд мөн эсэх, хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгогдсон эсэх, тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг хугацаанд жил бүр төлсөн эсэхийг шалгаж, зөрчилгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар  сунгаж  энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

Ашигт малтмал, газрын тосны газар нь  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгамагц энэ тухай мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээр дурьдсан шаардлага, нөхцлийг хангаагүй, зөрчилтэй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгодог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү 30 жилийн хугацаа дуусахаас 2-оос  доошгүй жилийн өмнө баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргана.

Өргөдөл гаргахдаа дараахь баримт бичгийг хавсаргана:

  • Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар (баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ), хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт;
  • Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.

Баримт бичиг хянах, шийдвэр гаргах, мэдэгдэх үйл явц

Төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг 20 жилээр сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж, өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.

Төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэрийг ажлын 7 өдөрт багтаан Байгаль орчин аялал жуулчлалын яам, Татварын ерөнхий газар, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд энэ тухай тус тус мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.