Tag Archives: Оюуны өмч

Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих Гэмт хэргийн бүртгэлийн хэрэг нээх ажиллагаа

Хохирлын хэмжээнээс хамаарч барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл нь зөрчил аль эсхүл гэмт хэрэг үү гэдгийг шийдвэрлэх хүчин зүйл болох бөгөөд холбогдох ял шийтгэлийн хэмжээ харилцан адилгүй байдаг тухай бид өмнөх нийтлэлүүдэд дурьдаж байсан билээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 18.16-р зүйлд заасан “Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих” гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход бусдын барааны тэмдэг, эсхүл газар  зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийн төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсний улмаас бага хэмжээний хохирол буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтооно. 

 Хохирлын хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ бол мөн хуулийн дагуу дараах ажиллагаа хийгдэх юм.

  • Барааны тэмдэг эзэмшигч хувь хүн, эсхүл хуулийн этгээд нь мөрдөгчид гэмт хэргийн талаархи гомдол гаргах эсхүл мэдээллэнэ. Ингэхдээ тухайн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь 300 000 төгрөгөөс дээш байх хэрэгтэй. Мөрдөгч тухайн гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол түүнийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагааг явуулж болно.
  • Үзлэг,
  • Шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах,
  • Гэрчээс мэдүүлэг авах,
  • Хэрэгт ач холбогдолтой бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах,
  • Эд хөрөнгийг битүүмжлэх.
  • Гомдол, мэдээлэл хүлээн авсан даруйд эсхүл мөрдөн шалгах ажиллагааны дараа дор заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:  
  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах,
  • Харьяалалын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах.
  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх – Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокуорорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна. Ийнхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох юм. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа буюу гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл ажиллагааны үндсэн хугацаа нь 1 сар байх бөгөөд прокурор хэрэг бүртгэлтийн хугацааг 3 сар хүртэл хугацаагаар  сунгаж болно.

Харин үүнтэй холбоотой анхаарах зүйл бол хэрэв прокурор тус хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээсэн мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл прокурор тухайн хэрэг бүртгэлийн хэргийг хаах үүрэгтэй байна.

Барааны тэмдгийн зөрчил шалган шийдвэрлэх журам

Монгол улсад барааны тэмдгийн зөрчил ба гэмт хэргийг шалган шийдвэрлэх журмыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд тус тус зохицуулсан байна. Хуулийн дагуу авах арга хэмжээ, тэдгээртэй холбоотой хугацаа болон практи дээр тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгөхийг зорьж байгаа билээ.

Өмнөх нийтлэлд дурьдсанчлан, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчлийг Монгол улсын Зөрчлийн тухай хуульд заасан ба тус зөрчлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь 300 мянган төгрөгөөс илүү бол  гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

Иймд барааны тэмдгийн зөрчлөөс үүссэн хохирлын хэмжээ нь 300 мянган төгрөг (~$115) давж байгааг нотолж чадвал эрүүгийн хэрэг үүсгэж болох юм.

Өнөөдрийн нийтлэлээр бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд (“Хууль” гэх) заасан ажиллагааны талаар товч танилцуулж байна. Тус хуульд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахаас эхэлсэн зөрчил шалган шийдвэрлэх журмыг заасан байна. Мөн хуульд мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт төдийгүй тухайн барааны тэмдгийн зөрчлийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа заасан болно.

Тус хуулийн 1.8-р зүйлийн 6.14-р хэсэгт заасны дагуу оюуны өмчийн эрх, тэр дундаа барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчил нь оюуны өмчийн улсын байцаагчийн шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалалд багтаж байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаархи гомдол, мэдээлийг хүлээн авч хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулна. Тухайн гомдлыг хүлээн авсан даруйд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг шалгах ажиллагаа явуулсаны үндсэн дээр зөрчлийн хэрэг нээх эсэх шийдвэрийг гаргана. Хэрэг бүртгэлийн ажиллагааг дуусахад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох , аль эсхүл шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гаргах юм.  

Тус ажиллагааны явцад прокурор хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх ба тухайн зөрчил гэмт хэргийн шинжтэй эсхүл илтэд зөрчил үйлдсэн байна гэж үзвэл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож яллагдагчаар татах, эсхүл зөрчлийн хэргийг хэрэг бүртгэлд буцаана.  Харин барааны тэмдгийн эрхийн зөрчил тогтоогдож, шийтгэл ногдуулсан бол зөрчил үйлдэгч шийтгэлийг 15 хоногийн дотор тухайн шийтгэлийг хүлээн авснаас хойш сайн дураар биелүүлэх үүрэг хүлээх юм. Зөрчил үйлдэгч нь шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн дагуу гомдол гаргах боломжтой.

Хэдийгээр оюуны өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг гаралтын тоо их өндөр боловч харамсалтай нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн тод жишээнээс харахад, түүнийг гэмт хэрэг гэж тооцохгүйгээр зөрчил гэж үзээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар л шийдвэрлэж байна. Гэвч тухайн зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд ногдуулах хариуцлага сул байгаа нь энэ төрлийн зөрчлийн гаралтын тоо буурахгүй, хэрэгжүүлж буй арга хэмжээ үр нөлөөгүй байгаагийн нэг суурь шалтгаан билээ. Энэ нь эргээд оюуны өмчийн эрх эзэмшигчид төдийгүй холбогдох байгууллагуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна.

Ирэх долоо хоног бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг танилцуулах болно.

Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчилд ногдуулах хариуцлага

Энэхүү нийтлэлээр бид Монгол улс дах барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчил болоод түүнтэй холбоотой зөрчил ба гэмт хэргийн ялгааны талаарх ойлголтыг өгөхийг зорьлоо.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3-р зүйлд зааснаар барааны тэмдэг эзэмшигч нь өмчлөх, ашиглах, барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан бусад этгээдийн аливаа үйлдлийг таслан зогсоох болон зөрчлийн улмаас учирсан мөнгөн хохирлыг барагдуулахыг шаардах онцгох эрх эдэлнэ.

Монгол улсад барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчлийг Зөрчлийн тухай хууль ба Эрүүгийн хуульд тус тус заасан бөгөөд түүнтэй холбоотой маргааныг иргэний ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэрлэж, арга хэмжээ авах боломжтой юм.  Дор дурьдсанчлан, Зөрчлийн тухай хууль ба Эрүүгийн хуулийн дагуу ногдуулах сахилгын шийтгэл хоорондоо харилцан ижилгүй буюу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэлд ногдуулах шийтгэл гэмт хэргийн ял шийтгэлтэй харьцуулахад харьцангуй бага байна:

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн тохиолдолд зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагаагаа зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хүртэл шийтгэл ногдуулна. Тус зөрчлийг үйлдсэн хүнийг 300,000 төгрөгөөр (115 ам. доллар), харин хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр  (1150 ам. доллар) торгоно.

Харин барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөний улмаас учирсан хохирлын хэмжээ нь 300,000 төгрөгөөс (115 ам. доллар) дээш бол гэмт хэрэг тооцохоор зохицуулсан аж. Тухайн зөрчил нь гэмт хэрэг болох нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу 1 жил хүртэл хорих ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх аль эсхүл 5,400,000 төгрөг (2070 ам. доллар)  хүртэл торгуулийн ял ногдуулна. Түүнчлэн, тус гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн тохиолдол нь ялын хэмжээг хүндрүүлэх нөхцөл байхаар тусгажээ.

Аж үйлдвэрийн өмчтэй холбоотой эрхийг зөрчсөний улмаас учирсан хохирлыг тогтооход дараах нийтлэг аргачлалыг хэрэглэж болох юм:

  1. Тухайн эрхийг зөрчсөнөөс зах зээлд худалдаалагдаж олох байсан орлогын хэмжээ, ба
  2. Уг эрхийг лицензийн гэрээгээр ашигласан бол тухайн гэрээний үнийн дүнгийн хэмжээ.

Монгол улсад барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчил, тус эрхийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байна. Зөрчил ба эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор авах арга хэмжээ, хуульд заасан хугацаа болон практик дээр тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг бид дараачийн нийтлэлээр хүргүүлэх болно.

Барааны тэмдэг нь аж ахуйн нэгжийн нэрээс ямар ялгаатай вэ?

Бид өмнөх нийтлэлдээ барааны тэмдэг болон аж ахуйн нэгжийн нэр хоорондоо төстэй боловч хууль зүйн өөр өөр үр дагавартай болох талаар бичсэн. Энэ удаагийн нийтлэлдээ барааны тэмдгийг бүртгүүлэх нь хууль зүйн ямар үр дагавар үүсгэх тухай ярих болно.

Барааны тэмдэг нь таны компанийн брэндийн зах зээл дээрх байр суурийг баталгаажуулахад илүү их ач холбогдолтой юм.  Барааны тэмдэг нь лого, тэмдэг, үг, дүрс, холбоо үг, компанийн уриа эсвэл тухайн компанийг бусдаас ялгах аливаа дизайны хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Түүнчлэн барааны тэмдэг нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн таны компанийн аж ахуйн нэгжийн нэрээс бүрдсэн байж болно.

Барааны тэмдгийг аж ахуйн нэгжийн нэрээс тусад нь бүртгүүлэх шаардлагатай. Барааны тэмдгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Оюуны өмчийн газар)-д бүртгүүлдэг. Барааны тэмдгээ бүртгүүлснээр компани нь барааны тэмдгийг эзэмших, ашиглах онцгой эрх эдэлнэ. Энэ нь тухайн барааны тэмдгийг та бүртгүүлэхээс өмнө бусад компани эсвэл хувь хүн тус барааны тэмдгийг эзэмшиж, ашиглаж байгаагүй болохыг тодорхойлж байгаа бөгөөд тус барааны тэмдгийг та бүртгүүлснээс хойш бусад этгээд тус барааны тэмдгийг таны зөвшөөрөлгүйгээр ашиглахаас төр хамгаална гэсэн үг юм. Барааны тэмдгийг бүртгүүлснээр та дараах онцгой эрхийг эдэлнэ. Үүнд, бүртгүүлсэн барааны тэмдгийг ашиглах, хувилах, ашиг хүртэх, бусдад ашиглуулах, шилжүүлэх, мөн бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах зэрэг багтана. Ийнхүү барааны тэмдгийг бүртгүүлэх нь таны бизнесийн (компанийн) онцлог чанарыг илтгэх оюуны өмчийг хамгаалах юм. Дээр дурдсаны дагуу таны аж ахуйн нэгжийн нэр нь бүртгэгдсэн барааны тэмдгийн бүрдэл хэсэг байж болно. Бусад этгээд таны зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн барааны тэмдгийг ашигласан, бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан бол та уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, эрхээ хамгаалуулахаар бусад хууль зүйн арга хэмжээ авах эрхтэй юм.

Барааны тэмдгийн мэдүүлгийг та өөрөө болон компанийн эрх бүхий албан тушаалтан, эсвэл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (ОӨИТ)-өөр төлөөлүүлэн гаргаж болно. Барааны тэмдгийн мэдүүлгийг ОӨИТ-өөр төлөөлүүлэн гаргах нь хэд хэдэн давуу талтай байдаг. Тухайлбал, барааны тэмдгийн мэдүүлгийг зохих журмын дагуу бүрэн мэдүүлэхээс гадна ОӨИТ нь барааны тэмдгийн мэдүүлгийг гаргахаас өмнө тухайн барааны тэмдгийг бүртгүүлэхээр өөр этгээд мэдүүлэг гаргасан эсэх, барааны тэмдгийг өөр этгээд бүртгүүлсэн, эзэмшиж байгаа эсэхийг давхар нягтлан шалгадаг.

Барааны тэмдэг болон аж ахуйн нэгжийн нэр хоорондоо ялгаатай юу?

Бизнес эрхэлгчид аливаа бизнес эхлүүлэхдээ барааны тэмдэг (trademark) болон аж ахуйн нэгжийн нэр (trade name)-ийн талаар буруу ойлголттой байдаг ба хооронд нь хольж хутгах тохиолдолд бий. Энэхүү хоёр ойлголт нь хоорондоо ижил төсөөтэй юм шиг боловч тэс өөр өөр зохицуулалттай ойлголтууд бөгөөд бизнес эрхлэгчид энэ хоёр ойлголтын ялгааг мэдэж байх нь зүйтэй юм. Аливаа бизнес эхлүүлэхдээ өөрийн компани болон бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, зах зээлд баттай байр суурь эзлэхэд аж ахуйн нэгжийн нэр болон барааны тэмдгийг сонгож, зохих журмын дагуу бүртгүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс энэхүү асуудалд нухацтай хандах хэрэгтэй юм.

Аж ахуйн нэгжийн нэр гэдэг нь, энгийнээр хэлбэл, үйл ажиллагаа явуулж буй компанийн нэр юм. Харин барааны тэмдэг нь компанийн оюуны өмчийг хамгаалах нэг хэлбэр юм. Барааны тэмдэг нь лого, тэмдэг, үг, дүрс, холбоо үг, компанийн уриа эсвэл тухайн компанийг бусдаас ялгах аливаа дизайны хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Аж ахуйн нэгжийн нэр нь барааны тэмдгийн бүрэлдэхүүн хэсэг байж болно. Хэрэглэгчид хүссэн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайж байхдаа ихэвчлэн компанийн барааны тэмдгээр нь хайж олдог байна. Аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгээс ялгах шаардлагатай нэг чухал шалтгаан нь хэрвээ компаний өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдаас ялгаатай, онцгой байлгах үүднээс өөрийн аж ахуйн нэрийг ашиглаж эхлэх тохиолдолд компанийн аж ахуйн нэгжийн нэр нь барааны тэмдгийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг юм. Энэ тохиолдолд ийнхүү ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн нэр нь зохих журмын дагуу бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж байх магадлалтай байдаг.

Аж ахуйн нэгжийн нэр гэж юу вэ?

Аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэх нь барааны тэмдгийг бүртгүүлэхээс илүү хялбар боловч хууль зүйн үр дагавар нь өөр байдаг. Аж ахуйн нэгжийн нэр нь ердөө л таны компанийн албан ёсны нэр юм. Та компани байгуулахаар шийдсэн даруйдаа улсын бүртгэлийн газарт аж ахуйн нэгжийн нэрээ бүртгүүлэх шаардлагатай. Компаниа байгуулж, аж ахуйн нэгжийн нэрээ бүртгүүлсний дараа таны компани эрх зүйн чадвартай болно. Өөрөөр хэлбэл, ийнхүү таны компани бусадтай гэрээ, хэлцэл байгуулах болон бусад бизнесийн харилцаанд орох эрх зүйн чадвартай болсон гэсэн үг юм. Аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэхийн практик дээрх ач холбогдол нь голдуу захиргааны болон бүргэлийн зорилготой байдаг. Жишээлбэл, татварын тайлан тушаах, төлөх, ажилтнуудын цалинг тооцох, төлөх, компанийн вэбсайт нээх болон бусад цахим сүлжээнд компанийн талаарх мэдээлэл байршуулах, зар сурталчилгаа байршуулах, компанийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошго дээр байршуулах гэх мэт. Аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэх нь компанийн брэндийг хамгаалахаас илүүтэйгээр татварын байгууллагад таны компани, үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг бүртгэх, мэдээллээр хангах зорилготой байдаг. Хэдийгээр аж ахуйн нэгжийн нэрийн эрх зүйн хамгаалалт нь барааны тэмдгийн эрх зүйн хамгаалалтаас маш ялгаатай, өөр үр дагавартай боловч аж ахуйн нэгжийн нэрийг сонгохдоо анхаарал хандуулж, бодлоготойгоор сонгох нь чухал юм. Учир нь таны компани зах зээл дээр тодорхой байр суурь эзлэх нь нэрээ зөв сонгохоос эхлэх юм.

Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах шинэчилсэн журам батлагдлаа (хэсэг 1)

2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдөж, Оюуны өмчийн газар (ОӨГ) болон Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн хоёр тусдаа агентлаг болон хуваагдаж, тус тусын чиг үүргээр ажиллах болсон. Ийнхүү хуваагдсанаас хойш ОӨГ нь өөрийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж шинэчлэх, зарим дүрэм журмыг шинэчлэх, тухайлбал Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг шинэчлэн батлуулах ажлуудыг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ОӨГ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын үйл ажиллагаа тодорхой бус хугацаагаар зогссон байсан.

2019 оны 2-р сарын 13-ны өдрийн А/26 тоот Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ОӨГ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс (“комисс”)-ын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. Тус шинэчилсэн журам болон өмнө нь мөрдөгдөж байсан журмын онцлох ялгаа, журмын шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулъя.

Хуучин журмаар комиссын дарга, нарийн бичгийн даргыг ОӨГ-ын дарга томилж, маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гаргах бүр комиссын дарга комиссын бүрэлдэхүүнийг томилдог байсан ба комиссын бүрэлдэхүүний тоог тодорхой заагаагүй байсан. Шинэчилсэн журмын дагуу комисс нь орон тооны бус байх бөгөөд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй байх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 2-р сарын 13-ны өдрийн А/26 тоот тушаалаар комиссын байнгын бүрэлдэхүүнийг баталж, комиссын дарга, нарийн бичгийн дарга болон 9 гишүүдээс бүрдсэн байна. Комиссын шинэ бүрэлдэхүүнд ОӨГ-ын мэргэжилтэн, байцаагч нараас гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, хуулийн сургуулийн багш, ОӨГ-ын судлаач зэрэг багтсан нь онцлог байна.

Шинэчилсэн журам нь Патентийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.1-д заасан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбоотой маргааны шийдвэрлэхэд үйлчлэхгүй юм байна. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1.4-т заасан барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлтийг хуучин журмаар хянан шийдвэрлэдэггүй байсныг өөрчилж, шинэ журмаар хянан шийдвэрлэх боломжтой болжээ.

Өмнө нь оюуны өмчтэй холобоотой гомдол, хүсэлтийг комисст бичгээр гаргаж, комиссын дарга хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргадаг байсан. Шинэчилсэн журмын дагуу оюуны өмчтэй холбоотой гомдол, хүсэлтийг комиссын даргад бичгээр гаргах бөгөөд комиссын дарга хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор комиссын аль нэг гишүүнд хуваарилж, тус гишүүн нь ажлын 10 хоногийн дотор даргад саналаа танилцуулна. Тус гишүний саналыг үндэслэж комиссын дарга маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргах юм байна.

Өмнө нь маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх шийдвэр гарснаас хойш Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу 6 сарын дотор хянан шийдвэрлэдэг байсан бол шинэчилсэн журмын дагуу энэхүү хугацаа богиноссон байна. Шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл комиссын дарга уг хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор зохицуулсан байна.