Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн
ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
- төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас
дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;
- төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс
дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш
хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;
- компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн
30 хувиас хэтэрсэн;
- компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс
илүү болж, хасах утгатай болсон;
- төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;
- аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит
бус хурал хийхийг шаардсан;
- компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.
Компанийн хуулинд (61.1.2-т.) төлөөлөн удирдах
зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий
хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчид (цаашид “хурал санаачилгач” гэх ) ээлжит бус хурлыг хуралдуулах санал,
шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл
эсвэл гүйцэтгэх удирдлагад гаргах эрхтэйг заасан бөгөөд ийнхүү санал,
шаардалага гаргахдаа ямар журмаар гаргахыг нарийвчлан зааж, хэрхэн шийдвэрлэх
талаар нарийн зохицуулсан байна. Энэ зохицуулалт нь хувьцаа эзэмшигчдийн
ээлжит бус хурлын гол ялгагдах,
онцлог зохицуулат байна.
Дээр дурьдсан төлөөлөн удирдах зөвлөлийн
хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, 10% болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал шаардлага гаргахдаа i) өөрийн бүтэн нэр, ii) хувьцааны тоо, төрөл iii) хурал хуралдуулах болсон шалтгаан iv)
хэлэлцэх асуудал v) шийдвэрийн төслийг тусгасан бичгийг
төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх удирдлагад гаргахаар Компанийн хуулианд
заасан байна.
Төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх удирдлага
энэхүү бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа
эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана. Шийдвэр гаргахдаа 2 төрлийн шийдвэр гаргаж болно:
1) хурал санаачилагчийн санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа
эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах. Энэ тохиолдолд дээрх шаарлага хангасан
бичиг хүлээн авсан буюу санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн
дотор тухайн хурлыг зарлан хуралдуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурал
хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцна.
2) Хэрвээ санал, шаардлага
гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд
хүрээгүй, хэлэлцэхээр санал
болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл эсвэл
гүйцэтгэх удирдлага татгалзсан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг санал,
шаардлага гаргасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон хувьцаа эзэмшигчдэд
нэн даруй мэдэгдэнэ.
Хурал санаачилагч дээрх татгалзасан шийдвэртэй санал нийлэхгүй бол энэ
талаар шүүхэд гомдол гаргаж болно.
Хэрвээ дээр дурьдсан ажлын 10 хоногт ТУЗ эсвэл
гүйцэтгэх удирдлага ямар нэгэн шийдвэр гаргаагүй бол хурал санаачилагч (хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн
удирдах зөвлөлийн хараат бус гишүүн) хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал
хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болохоор зохицуулсан байна. Энэ тохиолдолд хурлыг зарлах,
хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцаж болно, хариуцахгүй байж ч болно.
Дүгнэлт гол ялгаа
Хувьцаа эзэмшигчийн ээлжит хурал болон ээлжит бус хурлын гол ялгаа нь ээлжит хурал нь хуралдуулах шийдвэр
гарсанаас хойш 40-оос доошгүй хоногийн дараа хуралдуулна, ээлжит бус хурал нь
шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор хуралдуулна.
Эрх зүйн үр дагаврын хувьд ээлжит хурлыг жил бүрийн 4 сард багтаан
хуралдуулаагүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь бүхэлдээ
дуусгавар болж, зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй
үлдэнэ. Ээлжит бус хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хурал санаачилагч
өөрөө хурал зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд хурал хуралдуулахаас татгалзсан
шийдвэртэй санал нийлээгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой.
Хэлэлцэх асуудлын хувьд ээлжит хурлаар заавал хэлэлцэх асуудал нь компанийн
жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах
зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах, харин ээлжит бус хурлын хувьд заавал хэлэлцэх ёстой асуудал байхгүй,
хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэж болно.