Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хэзээ хуралдуулах ёстой вэ

Компанийн тухай хуулийн 59.4.-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасан байдаг.

Санхүүгийн жил гэдэг нь санхүүгийн тайлан тооцоогоо тооцож, тайлан гаргаж, татвар төлдөг хугацааг хэлдэг. Улс орнууд санхүүгийн жил 12 сартай байх ёстой гэж үздэг ч тухай бүртээ календарийн жилтэй давцаж байх албагүй гэж үздэг. Тиймээс улс орнуудын санхүүгийн жил харилцан адилгүй, ялгаатай байдаг. Монгол улсын хувьд Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болдог. Тиймээс санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор гэдэг нь жил бүрийн 4 сард багтаан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж байх үүрэг хүлээж байна гэсэн үг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 4 сард багтаан Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр зарлан хуралдуулна.

ТУЗ эсвэл гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаснаас хойш 40-ээс доошгүй хоногийн дараа хуралдуулна. Хэрвээ компанийн дүрэмд 45 хоногийн дараа эсвэл 50 хоногийн дараа гэж заасан бол 45 болон 50 хоногийн дараа хуралдуулна гэсэн үг. Хэрвээ компанийн дүрэмд тодорой хугацаа заагаагүй бол хуулийн хугацаа болох 40-ээс доошгүй хоногийг баримтлана.

Тэгэхээр дээрх хуулийн заалтын хувьд шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл, хэрвээ ТУЗ байхгүй бол гүйцэтгэх удирдлага, хугацааны хувьд жил бүрийн 4 сарын дотор багтаан хуралдуулах шаардлага тус тус тавигдаж байна гэсэн үг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд ямар үр дагавар үүсэх вэ

  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 4 сард багтаан хуралдуулаагүй тохиолдолд ТУЗ-ын бүрэн эрх бүхэлдээ дуусгавар болж зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах эрх нь нь үлдэнэ. ТУЗ-ын бүрэн эрх дуусгавар болсон өдрөөс хойш ТУЗ аливаа  шийдвэр гаргах эрхгүй бөгөөд хэрвээ аливаа шийдвэр гаргасан тохиолдолд баталсан зөвшөөрсөн байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болно.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэрийг хэн гаргах эрхтэй вэ

Төлөөлөн Удирдах Зөвлөл

Гүйцэтгэх Захирал (ТУЗ байхгүй бол)

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар заавал хэлэлцэх асуудал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар заавал хэлэлцэх ёстой асуудал бол компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах. Хувьцаа эзамшигчдийн хуралтай холбогдсон зардлыг компани хариуцана.