Саяхан манай нэг үйлчлүүлэгч монгол улсын харилцаа холбооны тухай хууль, ялангуяа домэйн нэрийн бүртгэл, маргааныг шийдвэрлэх асуудлаар зөвлөгөө авахыг хүссэн юм. Бид үйлчлүүлэгчийнхээ асуултад хууль зүйн дүн шинжилгээ хийж, Монгол дахь домэйн нэрийн зохицуулалтын талаарх үйлчлүүлэгчийн асуултад хууль зүйн зөвлөгөө өгөхийн хажуугаар энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хуваалцахаар шийдлээ.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Засгийн газрын эрх бүхий байгууллага юм. Монголд Датаком LLC хэмээх ганцхан компани домэйн нэрийг бүртгүүлэх эрхийг ХХЗХ-оос авсан байдаг. Датаком LLC-ийн вэбсайт нь WHOIS эзэмшигчийн мэдээллийн сантай бөгөөд сонирхогч этгээд тодорхой домэйн нэр эзэмшигчийн талаар мэдээлэлийг хайх боломжтой байдаг.
ХХЗХ нь домэйн нэрийн бүртгэгч (домэйн нэр эзэмшигч) болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эрх бүхий засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. 2020 онд засгийн газар “Домэйн нэр бүртгэх, ашиглах журам”-ыг баталсан. Энэхүү журамд ХХЗХ хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль, тогтоомжийг дагаж мөрдөхөөр зохицуулсан. Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмаар тусгайлан зохицуулаагүй Монгол Улсад бүртгэгдсэн домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорацын Домэйн нэрийн тухай маргааныг шийдвэрлэх бодлого (UDRP)-ын холбогдох хэсгийг баримталж болно.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журамд зааснаар ХХЗХ нь домэйн нэр бүртгэгч болон бүртгүүлэгчээс бусад гуравдагч этгээдийн гаргасан хүсэлт, гомдол, шаардлагатай бусад баримтуудыг хүлээж авсны дараа домэйн нэр бүртгэгч, бүртгүүлэгч болон холбогдох бусад этгээдүүдэд мэдэгдэх бөгөөд тэдгээр нь хүсэлт, гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар гаргана. ХХЗХ хариу тайлбарыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хүсэлт, гомдлыг шийдвэрлэнэ. Хүсэлт, гомдлын агуулгаас хамааран тухайн асуудлаар мэргэжилтнүүдийн саналыг авах зорилготойгоор 3 шинжээчээс бүрдсэн комиссыг томилж болно. Ийм тохиолдолд домэйн нэрийн эсрэг хүсэлт, гомдлыг шийдвэрлэх хугацаа илүү урт байна. Энэхүү журамд заасны дагуу ХХЗХ шаардлагатай гэж үзсэн тохиолдол гомдол гаргасан тал болон домэйн нэрийг бүртгэсэн байгууллага маргаан шийдвэрлэх хуралдаанд оролцож болно.