Монгол Улсын Их Хурал 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Иймээс тус хуулийн шинэ, онцлог зохицуулалтын талаар цувралаар хүргэхээр бэлдэж байна. Энэ удаа албадан хөдөлмөрийн хориглох зохицуулалтын талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол Улсад хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэхийг хориглодог. Шинэ хуулиар албадан хөдөлмөрлүүлэх нэр томьёог шинээр тусгасан. Үүнд: “Албадан хөдөлмөрлүүлэх” гэж аливаа торгууль, шийтгэл ногдуулахаар айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил, үйлчилгээ эрхлүүлэхийг ойлгоно” гэж тодорхойлжээ.
Гэвч дараах ажил, үйлчилгээ албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй гэж тус хуульд тусгасан байна. Үүнд:
- суурь боловсрол эзэмших;
- хугацаат цэргийн албан хаагчийн хийж гүйцэтгэж байгаа цэргийн зориулалттай ажил, үйлчилгээ;
- тухайн нутаг дэвсгэр, хот, тосгон, суурин газрын оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажил;
- шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл ял эдлэх явцад төрийн байгууллага, албан хаагчийн удирдлага, хяналтын доор хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ. Ялтныг аливаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллуулах, тэдний мэдэлд шилжүүлэхийг хориглоно;
- улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгахтай холбоотой ажил, үйлчилгээ.
Хэрэв хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдийг 5400,000 төгрөгөөс 17 сая хүртэл төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жилийн хугацаатай хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.