Саяхан манай нэг үйлчлүүлэгч Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль ялангуяа жижиглэн худалдааны үнийг зохицуулалттай холбоотой асуудлаар зөвлөгөө авахаар бидэнд хандсан. Үйлчлүүлэгч маань Монгол Улс нь АНУ, Өмнөд Солонгос, Хонконг зэрэг бусад улс орнуудтай адил жижиглэн худалдааны үнэ тогтоохын эсрэг зохицуулалттай байх гэсэн таамаглалтай байсан юм. Бид үйлчлүүлэгчдээ хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх явцдаа Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн талаар танилцуулга мэдээлэл бэлтгэн хүргэхээр шийдсэн.
Монгол Улсад анх Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль 1993 онд батлагдаж, 2000 онд нэмэлт, өөрчлөлт орсон ба түүнээс хойш арван жилийн дараа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өрсөлдөөний тухай хууль шинэчлэн батлагдсан байна. Тус Өрсөлдөөний тухай хууль нь 5 бүлэг, 27 зүйлтэй.
Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн.
Монгол Улсын хувьд бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх хэмжээ хүрээнээс хамааран аж ахуйн нэгжүүдэд өөр ялгамжтай хязгаарлалт, зохицуулалтуудыг Өрсөлдөөний тухай хуульд тусгажээ.
Жижиглэн худалдааны үнийн зохицуулалын тухайд зүй ёсны монополь байдалтай болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь тухайн бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнийг тогтоох, нутаг дэвсгэрийг хуваан борлуулахыг хатуу хориглодог.
Мөн түүнчлэн, жижиглэн худалдаа эрхлэгч нараас борлуулах нэмэлт нөхцлийг шаардах, бүтээгдэхүүнийг өөр үнээр борлуулах, хууль ёсны үндэслэлгүйгээр бүтээгдэхүүн борлуулахаас татгалзахыг хориглодог байна. Харин үүнд тухайн бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн зардал, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчээс жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарт олгодог урамшууллаас улмаас бий болсон бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт хамаардаггүй байна.
Хэрэв зүй ёсны монополь байдалтай болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нар Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон дээр дурдсан ноёлох үйл ажиллагаа явуулсан бол улсын байцаагч учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг ногдуулдаг байна.