Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилж авах тухай

Сүүлийн үед манай хуульчдад монгол хүүхэд үрчилж авахыг хүсэж буй гадаадын иргэдээс хуулийн зөвлөгөө өгөх хүсэлтүүд ирлээ. Монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх үйл явц нэлээд нарийн бөгөөд олон шат дараалалтай байдаг.

Эхлээд гадаадын иргэн монгол хүүхдийг үрчлэх тухай хүсэлтээ өөрийн орны хүүхэд үрчлэх хүсэлт хүлээж авах эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын зохих байгууллагад гаргана. Гадаад улсаас ирүүлсэн хүүхэд үрчлүүлэх хүсэлтийг Монгол Улсын хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд хүргүүлнэ.

Хүүхэд үрчилж авах иргэн дараах шаардлагыг хангасан байна:

  • Монгол Улсын харьяат хүүхэд нь 5-аас доошгүй жил хамт амьдарч байгаа гадаад гэр бүл эсвэл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд үрчлүүлнэ.
  • Үрчилж авах иргэн 60-аас доош настай
  • Эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй
  • Иргэний бүрэн чадамжтай
  • Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчин, архи, мансууруулах бодисын хамааралгүй
  • Урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй

Өргөдөл гаргагч нь хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг шаардлагатай баримт бичгүүдийн хамт ирүүлэх ёстой. Өөрийн тухай мэдээлэл нь тухайн хүний хувийн зан чанар, хүүхэд үрчлэхэд тохирох байдал, боловсролын байдал, гэр бүлийн байдал, эрүүл мэндийн мэдээлэл, өрхийн орлого, нийгмийн байр суурийн талаарх мэдээллийг агуулсан байх ёстой. Түүнчлэн Монгол хүүхэд үрчлэх болсон шалтгааныг тодорхойлсон байхыг шаардана.

 Монгол Улсын хүн амын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүүхэд үрчлэх өргөдлийг хянан үзэж, зөвшөөрсний дараа үрчлүүлэх магадлалтай хүүхдийг сонгож, өргөдөл гаргагчид хүүхдийн талаарх мэдээллийг өгнө. Хэрэв эцэг, эх болохыг хүсэж буй өргөдөл гаргагчид тухайн хүүхдийг үрчилж авахаар шийдсэн бол Монгол Улсын Цагаачлалын Алба нь өргөдөл болон холбогдох бусад баримт бичгүүдийг хянан үзэж, хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэрийг гаргана.

Хүүхэд үрчлэх процессын үеэр манай хуулийн фирм нь үрчлэгчийг төлөөлж албан тушаалтантай холбогдох, тэднээс ирүүлсэн асуултад хариулах, үрчлэгчид хуулийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Спорт бооцооны үйл ажиллагаа Монголд хуульчлагдсан уу?

Сүүлийн үед цахимаар спорт бооцоот таавар зохион байгуулах, оролцох байдал хүмүүсийн дунд элбэг болсонтой холбоотой манай үйлчлүүлэгчээс Монгол Улсад энэ талаарх эрх зүйн зохицуулалт байдаг эсэх, спорт бооцоо нь мөрийтэй тоглоомд тооцогдох эсэх талаар зөвлөгөө өгөхийг хүслээ.

Монгол Улсад 1999 оноос хойш Казино байгуулах, ажиллуулахыг хориглож байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг гэмт хэрэг, зөрчилд тооцох зохицуулалттай байдаг. Тэгвэл спорт бооцоо нь мөрийтэй тоглоомын ангилалд багтах эсэх нь эргэлзээтэй асуудал юм.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан бөгөөд тухайн мөрийтэй тоглоомыг тоглосон нөхцөлд зөрчил гэж үзэхээр зохицуулсан байна. Тэгвэл, спорт бооцоо Монгол Улсын хууль, тогтоомжид заасан мөрийтэй тоглоом гэх ангилалд хамаарахгүй юм. Учир нь спортын бооцоо тавих нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, теннис гэх мэт бодит спортын тоглоомуудад мөрий тавих замаар үр дүнг урьдчилан таамаглах ажиллагаа байдаг. Ингэхдээ бооцоо тавигч өөрийн ур чадвар, мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлаж магадлалыг тодорхойлон үр дүнг таамаглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, үр дүнг урьдчилан таамаглах боломжтой, дан ганц азад найдаж мөрий тавьдаггүйгээр мөрийтэй тоглоомоос ялгаатай.

Зөвшөөрлийн тухай хуулиар аж ахуй нэгжид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодгоос үзвэл Монгол улсад спорт бооцооны үйл ажиллагаа эрхлэх нь хуулиар хориглогдоогүй байна. Харин бооцоот тоглоомын үйл ажиллагаанд 20 сая буюу түүнээ дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхэд Монгол банк гүйлгээг хянах үүрэгтэй.

Монголын бизнесийн орчныг гадаадын бизнес эрхлэгчид ойлгоход туслах нь

Сүүлийн үед Монголын зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хэд хэдэн үйлчлүүлэгчид зөвлөгөө авахаар бидэнд хандлаа. Бид үйлчлүүлэгчтэйгээ тэдний олон улсын бизнесийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын талаар ярилцахад тэд Монголд өөрсдийн бизнесийг тусгайлан хөгжүүлэх сонирхолтой байна. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд чиг баримжаа, найдвартай зөвлөгөө мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэрхшээл үүсгэж байна.

Монголын бизнесийн талаар ойлголт авахыг хүсэж байгаа шинэ бизнес эрхлэгчид байгаа бол энэ блог танд тодорхой хэмжээгээр тусална.

Монгол Улс нь уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтад голлон тулгуурласан аж үйлдвэрийн эдийн засгийг бий болгосон хуурай газар нутагтай орон юм. Засгийн газар эдийн засгийг олон янзаар хөгжүүлэх арга барилыг үргэлжлүүлэн судалж, дэд бүтцийн шинэ төслүүд, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, томоохон төслүүдэд дотоодын бүтээгдэхүүн, материал, тоног төхөөрөмжийг ашиглахыг эрмэлзэж байна. Эрчим хүч, түлшний импорт болон экспорт, телекомпьютер, нарны эрчим хүч, салхин тээрэм, усан цахилгаан станцын төсөл зэрэг салбаруудад Засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчдад боломж олгож байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 26 улстай давхар татварын гэрээтэй, “Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөхүүлэн дэмжих тухай” хэлэлцээрийг 43 улстай байгуулсан.

Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг дараах бизнесийн хэлбэрүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулах, түүнийгээ Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлэхийг шаарддаг. Үүнд: хязгаарлагдмал хариуцлагатай компани, төлөөлөгчийн газар эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай түншлэл байна. Хувиараа бизнес эрхлэгч нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, харин татвар, нийгмийн даатгалын эрх бүхий байгууллагад бүртгүүлэх ёстой.

Бизнесийг эхлүүлэхэд анхаараах, төлөвлөх шаардлагатай хууль зүйн болон үйл ажиллагааны тодорхой практик байдаг. Анхаарч үзэх эрх зүйн гол баримт бичгүүд нь компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийн тогтоол юм. Ялангуяа компанийн дүрэм нь хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд зохицуулалт хийдэг учраас хувьцааны талаар ямар нэгэн маргаан гарвал компанийн дүрэмд үндэслэн шийдвэрлэдэг. Үүнээс гадна таны эрхлэх гэж буй бизнесийн үйл ажиллагаанд Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай эсэх талаар судалж тодруулах нь чухал. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө төрийн захиргааны албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаа эрхлэх 1600 төрлийн зөвшөөрөл олгох эрхтэй байсан. Харин одоогийн хуулиар бизнес эрхлэгч, компаниудын бизнесийн үйл ажиллагаанд илүү уяан хатан, чөлөөтэй орчныг бүрдүүлэх үүднээс тусгай зөвшөөрлийг 365 болгон бууруулсан.

Бизнесээ амжилттай эхлүүлэхийн тулд дээрх зүйл нь бизнес эрхлэгчдийн анхаарах ёстой наад захын анхаарах асуудал юм.

Монгол Улс дахь Авлигын эсрэг хуулийн үр дүн

Улс төрийн авлига, шүүх, хяналтын байгууллагын авлигаас үүдэлтэй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулагч, компаниудын хувьд авлигын асуудал өндөр эрсдэл дагуулдаг. Монгол Улс 1996 оноос эхлэн авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг үйл ажиллагаагаар авлигатай тэмцэж байна. Тухайлбал, Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хууль нь авлига, хээл хахуулийг идэвхитэй болон идэвхгүй хувилбараар өгч авахыг хориглосон байдаг. Гэтэл Монгол Улсын авлигын индекс сүүлийн 3 жил буураагүй, тэр ч бүү хэл авлигын индекс энэ онд нэмэгдсэн нь авлигын эсрэг хуулийн үр дүн, хэрэгжилтийн талаар эргэлзээ дагуулж байна.

Жил бүр Транспэрэнси олон улсын байгууллагаас улс орнуудын авлигын талаар шинжээч бизнес эрхлгэчдийн судалгаан дээр үндэслэн авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020-2022 онд Монгол Улс 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол энэ онд 33 оноогоор 116 дугаар байрт орсон байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль

Энэ удаагийн блогоор бид өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаас баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар бичих болно.

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар уг хуулийг баталжээ.

Хуулийн зорилго нь цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм.

Гэвч энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж, бусад хуулиар нэгэнт зохицуулагдсан харилцааг дахин хуульчилсан, хуулийн төслийг хэлэлцэхдээ олон нийтийн оролцоог хангаагүй гэх шүүмжлэлийг дагуулж байгаа.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хуульд хориг тавиад байна.

Гадаадын иргэн Монгол Улсад хувийн зорилгоор оршин суух

Саяхан манай үйлчлүүлэгчдийн нэг Монгол Улсад хувийн зорилгоор оршин суух эрх хэрхэн авах талаар зөвлөгөө хүссэн юм. Бид үйлчлүүлэгчийнхээ асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэхийн сацуу гадаадын иргэний орших суух зөвшөөрлийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсад албан болон хувийн зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэнийг байнгын оршин суугч гэж үздэг. Хувийн зорилгоор оршин суух зөвшөөрлийг 5 жилээр олгох бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:

  1. Гэр бүлийн шалтгаанаар
  2. Цагаачлах
  3. Хөдөлмөр эрхлэх
  4. Хөрөнгө оруулах
  5. Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн шаардлагад нийсэн зохих төрлийн визийг Монгол Улсын Цагаачлалын албанаас хүсэх ёстой.

Энэ удаад бид хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суухтай холбоотой ерөнхий шаардлага, журмыг танилцуулна.

Хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суух (B виз)-г дараах төрлөөр олгоно.

B1 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагч.

B2 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захирлаар томилогдсон гадаад иргэн.

B3 Гадаадын хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу төлөөлөгчөөр ажиллаж байгаа гадаадын иргэн.

Ерөнхий шаардлага

  • Урьж буй аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  • Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичиг
  • Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл
  • Татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн тодорхойлолт
  • Хүсэлт гаргаж байгаа ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэл, ажлын газрын үнэмлэх
  • Визний хураамж төлсөн баримт
  • Мэдүүлгийн хуудас

Оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг энгийн бол ажлын 5 хоногт, яаралтай бол ажлын 3 хоногт шийдвэрлэнэ. 

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

Цалин, түүнтэй адилтгах орлогоос шаталсан системээр татвар төлөх зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Манай байгууллагад сүүлд ирүүлсэн олон улсын судалгааны асуулгад Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл, өөрчлөлт орсон эсэх талаар байлаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Тухайн өөрчлөлтөөр хувь хүний цалин болон түүнтэй адилтгах бусад орлогоос шаталсан татвар авах зохицуулалтыг тусгасан. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана.

  1. 0-120 сая хүртэлх төгрөгийн орлого олсон тохиолдолд 10%-ын татвар.
  2. 120 сая-180 сая хүртэлх төгрөгийн орлого олсон тохиолдолд 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс давсан орлогод 15%-ын татвар.
  3. 180 саяас дээш орлого олсон тохиолдолд  18 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс давсан орлогод 20%-ын татвар.

Жишээ нь 144 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлоготой хувь хүний 120 сая төгрөгийн орлогоос 10%-ын татвар суутгана. Үлдсэн 24 сая төгрөгийн орлогоос 15%-ын татварыг суутгаж тооцно.  

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зохицуулалт “Үл өрсөлдөх үүрэг”

Сүүлийн үед манай хуульчдад ирсэн асуултуудын нэг нь ажил олгогчоос үл өрсөлдөх үүргийг ажилтанд ногдуулах нь хуулийн дагуу эсэх талаар байлаа.

Ажил олгогчоос ажилчдадаа хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажиллахгүй байхыг үүрэг болгож болох уу гэж байнга асуудаг. Энэхүү асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл хэсэгт зохицуулсан байдаг.

Ажил олгогч үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор онцгой нөхцөл бүхий гэрээтэй ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр үл өрсөлдөх үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Үл өрсөлдөх үүргээр ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой өрсөлдөгч аж ахуй нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах эрхгүй байх юм. Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 1 жилээс илүүгүй байна. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дагаа нэмэлт нөхцөл хүчинтэй байх хугацаанд ажилтанд сүүлийн сарын цалингийн 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. Сүүлийн сарын цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал зэргийг багтаасан цалин юм.

Монгол дахь криптовалютын солилцоо, арилжаа

Бид олон улсын бизнес эрхэлдэг гадаадын олон үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байх явцад сүүлийн үед асуусан асуултуудын нэг бол криптовалют Монголд хууль ёсны эсэх, түүнийг хэрхэн зохицуулж буй талаар байлаа.

Монголд криптовалютын арилжаа, солилцоо нь хууль ёсны бөгөөд 2021 оны 12 дугаар  сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Виртуал өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай”хуулиар зохицуулагдаж байна.

Дэлхий дахинд технологийн процесс хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэж Монголд крипто хөрөнгийн зах зээл өргөжиж байна. Иймээс олон нийтийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, криптовалютын арилжаа, солилцооны талаарх шаардлагатай бүртгэл хийх мөн мөнгө угаах, террорист санхүүжүүлэхтэй холбоотой гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, хянах үүднээс эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн.

Эдгээр асуудлыг харгалзан Монгол Улс криптовалютын харилцааг зохицуулахаар “Виртуал өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийг баталсан. Хуулийн гол зорилго нь криптовалют солилцох, арилжаалах үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих, хууль ёсны эрх, үүргийг нь тодорхойлох явдал юм. 2022 оны 12 дугаар сараас эхлэн уг хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд криптовалютын солилцоо, худалдааны үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг бүртгэх, хянах эрхийг олгосон бөгөөд криптовалютын үйлчилгээ үзүүлэх компаниуд эрх бүхий байгуулагад бүртгүүлж, тусгай зөвшөөрөл авах ёстой. Түүнчлэн криптовалютын солилцоо, арилжааны үйлчилгээ үзүүлэгчийн орлогод татвар ногдуулж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдхөөр хуульчилсан болно.

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл ба шүүхийн практик

Иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн баталгааг хангах үүднээс эдийн хохирол учирснаас үл хамааран сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй байх ёстой. Монгол улсын хувьд сэтгэл санааны хохирол шаардлах эрхийг Иргэний хуулиар хязгаарласан. Шүүхийн практикт зөвхөн бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой сэтгэл санааны хохирлыг гаргуулж байна. Үүнээс бусад тохиолдолд үүсэж болох сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дох заалтыг үндэслэн сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах тухай тусгайлан зохицуулаагүй гэж тайлбарладаг.

Шүүхийн практикийг судлаж үзэхэд сэтгэл санааны хохирлыг гаргуулахад тодорхой хэд хэдэн нөхцөлийг хангах ёстой болдог. Үүнд:

  • Учирсан сэтгэл санааны хохирол нь хохирогч этгээдэд хамааралтай байх
  • Тухайн хохирлыг дахин засварлах, сэргээх боломжгүй байх
  • Санаатай болон болгоомжгүй гэм, буруутай байх
  • Үйлдэл нь жигшим, зэвүүцмээр, хэнд ч мэдэгдэхүйц үйлдлээр илэрсэн байх
  • Хохирогчид сэтгэл санааны хохиролын хэв шинж илэрсэн байх
  • Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлоо нөхөн гаргуулах шаардах эрхийг тухайлан заасан байх

Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд хэргийн хөнгөн, хүнд нөхцөл байдлаас хамааран хохирлыг гаргуулах эсэх нь ихээхэн хамаарч байна. Мөн шүүх хэдийгээр сэтгэл санааны хохирол учирсан эсэх нь нотлогдоогүй гэж үзсэн боловч илтэд ноцтой, зэвүүцмээр, жигшим үйлдэл гаргасан хэргүүдэд хохирогчийн эдийн хохиролд сэтгэл санааны хохирлын дүн, үнэлгээг багтааж нэхэмжлэлийг хангах тохиолдол ажиглагдаж байна. Гэвч иргэний хуулийн 230.2, 511 дэх заалтаар сэтгэл санааны хохирол шаардах эрхийн хүрээг хязгаарласан хэвээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр шаардах боломжийг тусгасан боловч шүүх “Иргэний хуульд тусгайлан заагаагүй” гэсэн үндэслэлээр сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр гаргуулахаас татгалзаж байна.