НӨАТ-ын товч танилцуулга

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр боллоо.

НӨАТ-ын хуулиар НӨАТ-д хамаарах үйл ажиллагааны төрлийг өргөжүүлсэн. НӨАТ-ын тухай хууль нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх шаардлагын босгыг 10 сая төгрөгөөс 50 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Аж ахуйн нэгжийн орлого 10 сая төгрөгт хүрсэн тохиолдолд НӨАТ төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх боломжтой.

Мөн хуульд тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой татвар төлөгчдийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлсэн. Нэгдсэн өртгийн бүртгэлийн системийг бий болгосноор НӨАТ-ын төлбөртэй холбоотой мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах систем, журмыг боловсронгуй болгохыг эрмэлзэж байна.

Албан татвар төлөгч гэж хэн байх вэ?

 Хувь хүн болон хуулийн этгээд байна.

Хувь хүний хувьд өөртөө хэрэглэх зориулалтаар импортоор оруулж ирсэн бараанд татвар төлнө.

Хуулийн этгээдийн хувьд дотооддоо борлуулсан болон  импорт, экспорт хийсэн бараа, ажил, үйлчилгээнд татвар төлнө.

Хөдөлмөрийн гэрээгээр  байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд НӨАТ ногдуулахгүй.

Ямар бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдуулах вэ?

  • импортлосон болон экспортлосон, МУ-д борлуулсан бүх бараа, ажил, үйлчилгээнд;
  • эрх борлуулах;
  • өрийг бараа, ажил ,үйлчилгээ үзүүлэх замаар хаах;
  • гадаадын иргэн, хуулийн этгээдээс МУ-ын иргэн, хуулийн этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд;
  •  цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;
  • бараа түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах;
  •  зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
  • үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
  • хуулийн этгээд татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суутган төлөгч өөртөө бараа үлдээх;
  • оюуны өмчийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;
  •  хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоом ;
  • зуучлал /зуучлах, төлөөлөл, комиссын үйлчилгээ;
  • хүү, торгууль, алданги;
  • хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ;
  • төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;
  • шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх /факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл/;
  • хууль зүйн үйлчилгээ;
  • үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ

Албан татварын хувь хэмжээ хэд байх вэ?

НӨАТ-ын хувь хэмжээ10 хувь байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээнд зарим өөрчлөлт орсон, тэг (“0” хувь) багтсан байгаа.

МУ-д борлуулсан болон импортоор оруулсан бүх бараа, ажил, үйлчилгээнд 10 хувийн НӨАТ-ийн татвар ногдуулна. Экспортын бараанд татвар ногдуулахгүй. Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшинд 0-10 хувийн татвар ногдуулна гэхдээ албан татварын хувийг Засгийн газар тогтооно.

     /”0″/ хувийн албан татвар

Экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, МУ-ын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаадаас Монгол хүртэл болон дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээ болон МУ-д оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ,  олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгний шатахуун, цэвэрлэгээ, нислэгийн явцад дахь худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ, Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос; ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд  0 хувийн татвар ногдуулна.

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй байдаг тухай бид өмнөх блогт дурдсан. Энэ удаа компанийн санхүүгийн тайлан гэдэгт юуг ойлгох уу, түүнд тавигдах шаардлага, хамрах хүрээнд та бүхний анхаарлыг хандуулъя.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байдаг. Эдгээр аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтөлж, ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнадаг.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргадаг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

  • санхүүгийн байдлын тайлан;
  • орлогын дэлгэрэнгүй тайлан;
  • өмчийн өөрчлөлтийн тайлан;
  • мөнгөн гүйлгээний тайлан;
  • санхүүгийн тайлангийн тодруулга.

Компанийн гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулдаг ба эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлдэг. Компани нь нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг 10-аас доошгүй жил хадгалдаг байна.

Харилцагч санхүүгийн байгууллага, эсвэл банк, санхүүгийн зах зээлийг хянах, эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага нь компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулга шаардах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээдэг. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна. Компаниуд нь гэрээт нягтлан бодогчтой байдаг ба нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг гаднаас авч ажиллуулж болдог.

            Зарим аж ахуйн нэгж байгууллага, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компани санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхийг хуулиар шаарддаг. Энэ талаар бид дараагийн блогтоо дэлгэрэнгүй мэдээллэнэ.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТУХАЙ

Бид өмнө нь Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бүрэн эрх, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга зэрэг компанийн удирдлагатай холбоотой тухай хэд хэдэн блог нийтэлсэн.

Энэ удаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зохион байгуулах ажиллагааны талаар танилцуулъя. Энэ нь Монгол улсад компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарын сонирхолыг татна гэж бодож байна.

Бидний мэдэж байгаачлан хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит болон ээлжит бусаар хуралдуулж болдог.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн (4) сарын дотор зарлан хуралдуулдаг байна. Хязгаарлагдал хариуцлагатай компани нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй бол энэхүү үүргийг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлдэг. Хэрвээ Төлөөлөн удирдах зөвлөл нь дээр дурдсан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй бол түүний бүрэн эрх дуусгавар болдог зохицуулалттай. Энэ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсоноос хойш байгуулсан гэрээ хэлцэл  хүчин төгөлдөр бусад байна.

Харин Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл дараах нөхцөлд зарлан хуралдуулдаг байна:

  • төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;
  • төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш  хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;
  • компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн;
  • компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон;       
  • төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;                       
  • аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхийг шаардсан;
  • компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигч нарын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах  тухай санал шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.

Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэр гаргавал санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч нар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын эсрэг шүүхэд гомдол гаргаж болдог байна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Учир нь тэрээр компанийн албан ёсны шийдвэрийг гаргах болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог. Энэ талаар Компанийн тухай хуулийн 84.1-т зохицуулсан байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилохоор заасан байдаг.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг, эсвэл ял шийтгэл эдэлж байгаа этгээд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллахыг хориглодог байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагыг  Компанийн тухай хуулийн 75.8-т хуульчилсан байна. Энэхүү шаардлага нь хувьцаат болон хязгаарлагдмал хариуцалгатай компанийн ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн даргад аль алинд нь хамаардаг байна.

Компанийн тухай хуулийн 82.2, 97.5, 98.2 зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийг тодорхой тусгасан. Үүнд:

  • төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах;.
  • хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;
  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;
  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах зэрэг болно.

Арбитрын шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн боломжийн тухайд

МОУҮА-ын Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд зааснаар Талууд гагцхүү хуульд заасан үндэслэл болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал хойшлуулах хүсэлтийг гаргаж болно. Арбитрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт аль тохиолдлыг ойлгож хэрэглэх тухай заагаагүй байна. Гэхдээ өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг ойлгож болох юм.

Мөн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд арбитрын хуралдааны үед шинэ нотлох баримт шаардлагатай гэж Арбитрын бүрэлдэхүүн үзсэн тохиолдолд тус хуралдааныг хойшлуулж болох аж. Харин талууд шинжээч томилох хүсэлтийг гаргаж болох бөгөөд Арбитрын бүрэлдэхүүн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ийнхүү шинжээчийг томилох юм.

Түүнчлэн, нэгэнт эхэлсэн арбитрын шүүх хуралдааны явцад талууд өөрийн томилсон арбитрчаас татгалзан гарах боломж төдийлөн байхгүй. Харин арбитрчийн хараат бус мэдүүлгийг гардан авсанаас хойш Талууд 7 хоногийн дотор л татгалзан гаргах хүсэлтийг гаргаж, улмаар хойшлуулж болно.

Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг

МУ-ын Барилгын тухай хуульд “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл “ буюу барилгын ажлын зөвшөөрөл гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлнэ. Ийнхүү барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүд Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийгАймаг, нийслэлийн Засаг даргад гаргах шаардлагатай. Ингэхдээ дараах баримт бичгийг хавсаргана:

  • барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
  • барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
  • зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
  • гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.

Түүнчлэн, дээрх заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг, мөн барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана.

Аймаг, нийслэлийн Засаг дарга хүсэлтийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг ажлын 10 өдөрт багтаан олгож, гэрчилгээгээр баталгаажуулна.

Барилгын ажлын зөвшөөрөл, түүний хугацаа болон зөвшөөрөл авах процесс

Барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл болон барилгын ажлын зөвшөөрөл авсаны  үндсэн дээр явуулдаг байна.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгоно. Хэрвээ барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд дахин 5 жилээр сунгаж болно.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөшөөрөл авсан хуулийн этгээд нь барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Тиймээс, барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудад барилгын ажлын зөвшөөрөл авах нь маш чухал юм.

Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжид дараах төрлийн барилгын ажлын зөвшөөрөл олгоно. Үүнд: i) барилга байгууламжийг шинээр барих, ii) барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих, iii) барилга байгууламжийг буулгах.

 Барилгын ажлын зөвшөөрлийг аймаг болон нийслэлийн Засаг дарга олгодог байна.  

Барилгын ажлын зөвшөөрлийг авахаар аймаг болон нийслэлийн засаг даргад хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана.Мөн түүнчлэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад доорх материалыг бүрдүүлж өгнө. Аймаг, нийслэлийн Засаг дарга доорх материалуудыг хянаад ажлын 10 хоногт багтааж шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоно.

  1. барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
  2. барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
  3. зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
  5. гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.

Барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо дараах мэдээллийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд тусгадаг байна.Үүнд;

  • барилга байгууламжийн байршлын талаархи мэдээлэл;
  • газрын бүртгэлийн мэдээлэл, кадастрын код;
  • барилгын ажлын зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн дугаар;
  • барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;
  • барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа үйлчилж эхлэх он, сар, өдөр;
  • барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын талаархи мэдээлэл;
  • барилга байгууламжийн ангилал;
  • барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн талаархи мэдээлэл;
  • барилгын ажлын зөвшөөрөл олгосон ажилтны албан тушаал, гарын үсэг.

Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно. Захиалагч барилгын ажлын зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлтээ  хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө  аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана. Засаг дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна. Хэрвээ захиалагч барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаагүй бол барилгын ажлын зөвшөөрлийг дээр дурьдсан процессын дагуу шинээр авна.

БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны дүнгээр хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл байгаа нь тогтоогджээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүн амын дийлэнх хувь нь өдөр тутам хэрэглэж, хоногийн хэрэгцээт илчлэгийнхээ ихэнх хэсгийг хангадаг өргөн хэрэглээний хүнсийг баяжуулан хэрэглэхийг зөвлөсөн байна.

Тиймээс Монгол Улсын Их хурал нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийг шинээр баталж, 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Хоол хүнс баяжуулах нь хүн амыг аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэхэд чиглэсэн ба мөн өртөг бага, үр дүн сайтай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ юм.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 336 тоот тогтоолоор “Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт”-ыг баталсан. Энэхүү тогтоолоор буудайн гурил, талхны зориулалтын гурил болон давсыг баяжуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол улсад импортлогдож буй гурил болон давсанд мөн хамаарна.

ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд, буудайн гурилыг баяжуулах бэлдмэл нь В бүлгийн болон Д амин дэм, төмөр, цайр агуулсан холимог найрлагатай байна.  Харин хүнсний зориулалттай давсыг кали иодат (KIO3)-аар баяжуулна. 

Баяжуулсан хүнсний тухай хуулийн хүрээнд баяжуулсан хүнсийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэх, баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг батлан гарахаар төлөвлөж байгаа ажээ.

Өмгөөллийн тухай хууль батлагдлаа

Өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 18-ний өдөр УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, Өмгөөллийн тухай хуулийг 53.5%-ийн саналаар эцэслэн баталлаа.

2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон бөгөөд эдүгээ өмгөөллийн бие даасан хуульгүй явсаар ирсэн юм. Ийнхүү өмгөөллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт задарсан, үүнийг дагаад өмгөөллийн үйл ажиллагаа асар ихээр доголдох байдал бий болсон учир хуулийн төслийг боловсруулсан аж.

Энэхүү хуульд өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой эрх үүрэг, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болоод түүнийг зөрчлийг хянан шийдвэрлэх журам, хүлээлгэх хариуцлагын талаарх нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн Өмгөөллийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ.

УИХ-ЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ны өдөр төрийн ордонд албан ёсоор нээлттээ хийлээ.

 УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө хоёр ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын ээлжит чуулган бий. Тиймээс УИХ-ын намрын чуулган шахуу хуваарьтай өндөр ачаалалтай ажиллахыг онцолсон.

Маш олон хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлт, тогтоолын төслүүд энэ намрын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн тухай багц хуулийн төслүүд нь дараа жилийн Парламентын сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдах шаардлагатай юм.

Энэ намрын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиуд;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;        
  • Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл;
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
  • Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; болон
  • Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл гээд нийт 28 хуулийн төсөл, бусад улсын их хурлын тогтоолыг намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.