Tag Archives: Аж ахуйн нэгжийн худалдаа

Их хэмжээний хэлцэл хийхэд юу анхаарах ёстой вэ

Их хэмжээний хэлцлийн талаарх тодорхойлолтыг Компанийн хуулийн 87.1.1, 87.1.2-т  тус тус заасан байна. Энд нурших нь илүүц байх, гэхдээ гол агуулгыг нь дурьдая. Их хэмжээний хэлцэл гэж сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ хэлцэл эсвэл компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа,  энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргахад хамаарах талаар заасан.

Тэгэхээр их хэмжээний хэлцэл нь эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой хэлцэл багтдаг байна. Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн (компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан) зах зээлийн үнийг тодорхойлох хэрэг гарна. Худалдагч худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнэ гэж ойлгоно.

Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно. Ингэж тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно.

Нотариатын мэдэгдэх хуудасны ач холбогдол

Нотариатын мэдэгдэх хуудас гэдэг нь төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн мөнгө, эд хөрөнгө гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ үйлдэж буй нотариатын хууль зүйн хүчин чадал бүхий акт билээ.

Та нотариатын мэдэгдэх хуудастай бол шүүгч түүнийг үндэслэн захирамж гаргах бөгөөд ийнхүү  3 шатны шүүхийн шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй  тул хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой. Ингэхдээ шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд төлдөг улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй тул таны зардлыг ч гэсэн хэмнэж байгаа юм.Гэрээний аль нэг тал мэдэгдэх хуудаст заасан үүргээ сайн дураар биелүүлэгүй тохиолдолд шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг гарсанаас хойш 7 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авагдана.

Харин энэхүү цаг мөнгө хэмнэсэн баримт бичгийн бичихэд дараах шаардлагыг тавьдаг байна:

  • Талуудын байгуулсан гэрээнд үүргийг “үл маргах журмаар” биелүүлэхээр заасан байх,
  • Гэрээ болон баримт бичиг нь нотариатаар гэрчлэгдсэн байх,
  • Нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байх,
  • Гэрээний дагуу төлөх төлбөрийг талууд хүлээн зөвшөөрсөн байх,
  • Тухайн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байх.

Гэрээ ба нотариатчийн үүрэг

Нотариатч гэрээний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхлээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг тайлбарлан өгах үүрэг хүлээсэн. Түүнчлэн нотариатч талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулан үзэж, эдгээр нь зөрчигдөөгүй тохиолдолд гэрээ, хэлцлийг гэрчилдэг болно.

Монгол улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах гэрээ, хэлцлийг хуульд заавал нотариатаар гэрчлүүлнэ гэж заажээ:

  • Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
  • Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл
  • Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
  • Бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
  • Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
  • Тэжээн тэтгэх гэрээ
  • Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах тухай гэрээ, хэлцэл
  • Мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ.

Нотариатч нь хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч хуульд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно.

Барааны тэмдэг нь аж ахуйн нэгжийн нэрээс ямар ялгаатай вэ?

Бид өмнөх нийтлэлдээ барааны тэмдэг болон аж ахуйн нэгжийн нэр хоорондоо төстэй боловч хууль зүйн өөр өөр үр дагавартай болох талаар бичсэн. Энэ удаагийн нийтлэлдээ барааны тэмдгийг бүртгүүлэх нь хууль зүйн ямар үр дагавар үүсгэх тухай ярих болно.

Барааны тэмдэг нь таны компанийн брэндийн зах зээл дээрх байр суурийг баталгаажуулахад илүү их ач холбогдолтой юм.  Барааны тэмдэг нь лого, тэмдэг, үг, дүрс, холбоо үг, компанийн уриа эсвэл тухайн компанийг бусдаас ялгах аливаа дизайны хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Түүнчлэн барааны тэмдэг нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн таны компанийн аж ахуйн нэгжийн нэрээс бүрдсэн байж болно.

Барааны тэмдгийг аж ахуйн нэгжийн нэрээс тусад нь бүртгүүлэх шаардлагатай. Барааны тэмдгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Оюуны өмчийн газар)-д бүртгүүлдэг. Барааны тэмдгээ бүртгүүлснээр компани нь барааны тэмдгийг эзэмших, ашиглах онцгой эрх эдэлнэ. Энэ нь тухайн барааны тэмдгийг та бүртгүүлэхээс өмнө бусад компани эсвэл хувь хүн тус барааны тэмдгийг эзэмшиж, ашиглаж байгаагүй болохыг тодорхойлж байгаа бөгөөд тус барааны тэмдгийг та бүртгүүлснээс хойш бусад этгээд тус барааны тэмдгийг таны зөвшөөрөлгүйгээр ашиглахаас төр хамгаална гэсэн үг юм. Барааны тэмдгийг бүртгүүлснээр та дараах онцгой эрхийг эдэлнэ. Үүнд, бүртгүүлсэн барааны тэмдгийг ашиглах, хувилах, ашиг хүртэх, бусдад ашиглуулах, шилжүүлэх, мөн бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах зэрэг багтана. Ийнхүү барааны тэмдгийг бүртгүүлэх нь таны бизнесийн (компанийн) онцлог чанарыг илтгэх оюуны өмчийг хамгаалах юм. Дээр дурдсаны дагуу таны аж ахуйн нэгжийн нэр нь бүртгэгдсэн барааны тэмдгийн бүрдэл хэсэг байж болно. Бусад этгээд таны зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн барааны тэмдгийг ашигласан, бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан бол та уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, эрхээ хамгаалуулахаар бусад хууль зүйн арга хэмжээ авах эрхтэй юм.

Барааны тэмдгийн мэдүүлгийг та өөрөө болон компанийн эрх бүхий албан тушаалтан, эсвэл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (ОӨИТ)-өөр төлөөлүүлэн гаргаж болно. Барааны тэмдгийн мэдүүлгийг ОӨИТ-өөр төлөөлүүлэн гаргах нь хэд хэдэн давуу талтай байдаг. Тухайлбал, барааны тэмдгийн мэдүүлгийг зохих журмын дагуу бүрэн мэдүүлэхээс гадна ОӨИТ нь барааны тэмдгийн мэдүүлгийг гаргахаас өмнө тухайн барааны тэмдгийг бүртгүүлэхээр өөр этгээд мэдүүлэг гаргасан эсэх, барааны тэмдгийг өөр этгээд бүртгүүлсэн, эзэмшиж байгаа эсэхийг давхар нягтлан шалгадаг.