Оюуны Эрхэд Хамаарах Бүтээгдэхүүнийг Гаалийн Мэдээллийн Баазад Бүртгүүлэх Зохицуулалт

Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэх асуудлыг Гаалийн ерөнхий газрын дарга болон Оюуны өмчийн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 298/41 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-аар нарийвчилан зохицуулсан байна.

Оюуны өмчийн эрх эзэмшигч нь өөрийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгүүлж, гаалийн мэдээллийн баазад оруулах эрхтэй.

Гаалийн мэдээллийн баазад оруулахын тулд эрх эзэмшигч нь өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Гаалийн ерөнхий газарт өөрийн эрхэд хамаарах барааг гаалийн мэдээллийн баазад оруулах тухай хүсэлт гаргах ба энэ нь оюуны өмчийн эрхэд хамаарах барааны нэр (тайлбар, дүрс), эрх эзэмшигчийн талаарх мэдээлэл,  оюуны өмчийн эрхийг нотолсон баримт бичиг болон бүртгэлд оруулж хамгаалалтанд авах барааны жагсаалт зэрэг мэдээллийг тусгасан байна. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгүүлэхэд аливаа төлбөр хураамж авахгүй.

Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгэх шийдвэрийг Гаалийн удирдах төв байгууллагын хяналт, эрсдэл хариуцсан нэгжийн дарга, эсхүл түүний орлогч дарга гаргадаг байна. Ийнхүү гаалийн бүртгэлд бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг ажлын нэг өдөрт багтаан холбогдох бусад гаалийн байгууллагад мэдээллэдэг байна.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хугацаа дуусгавар болсон, оюуны өмчийн эрх дуусгавар болсон, эрх эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн болон оюуны өмчийн эрхэд аливаа өөрчлөлт орсон бол эрх бүхий байгууллага эсвэл өргөдөл гаргагч гаалийн бүртгэлд засвар оруулахаар хандаж болно.

Гаалийн бүртгэлд засвар оруулахдаа холбогдох мэдээллийг сайтар шалгаж, Гаалийн удирдах төв байгууллагын хяналт, эрсдэл хариуцсан нэгжийн дарга, эсхүл түүний орлогч даргын шийдвэрээр ажлын 3 өдөрт багтаан хийж гүйцэтгэдэг байна.

Гаалийн удирдах төв байгууллагын Хэвлэлийн алба  гаалийн бүртгэлд бүртгэгдсэн барааны жагсаалт болон түүнд орсон өөрчлөлтийн талаар гаалийн албан ёсны хэвлэлд, зарим мэдээллийг гаалийн интернет сайтад зохих этгээдийн зөвшөөрлөөр тавьж болдог байна.

ГАЗАР БАРЬЦААЛАХ

Иргэн, єєрийн өмчлөлийн болон эзэмшиж байгаа газрыг барьцаалж болно. Хэрэв газрыг гэрээ, түрээсийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдэд шилжүүлсэн бол уг эрхийг авсан этгээд газар эзэмшигчийн зөвшөөрсний дагуу уг хугацаанд барьцаалж болно.

Зээлийн гэрээний үндсэн дээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд газар барьцаалж болно. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа барьцааны эрх үүснэ. Энэ тохиолдолд барьцаалагч нь банк, хууль ёсны зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж болно

Барилга болон барилга байгууламжаас тусдаа газрыг барьцаалж болно. Хэрэв барьцааны гэрээнд уг барилгыг тусгаарлаж болохгүй гэж заагаагүй бол газрыг тусад нь барьцаалж болно.

Газар ашиглалтын хугацааг хязгаарлах нөхцөлийг барьцаалагч, барилга байгууламж эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээгээр тогтоосон байх тул маргааныг шүүх шийдвэрлэнэ. Хөдөө аж ахуйн газрыг газар дээрх барилга, байгууламж гэх мэт салшгүй бүрэлдэхүүн хэсгүүдэд барьцаалсан бол барьцаалалтыг хүчинтэйд тооцно.

Шинээр Батлагдсан Оюуны Өмчийн Тухай Хуулийн Талаар

Монгол Улс нь оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хуулийг тус тус баталсан байна.

Эдгээр хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Тухайлбал, оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм.

Иймд дээрх зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой Оюуны өмчийн тухай шинэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан. Энэ хууль нь 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ба дараах асуудлыг зохицуулсан байна. Үүнд:

  • оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг;
  • оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүрэг;
  • оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;
  • оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Энэхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болох, оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болох; оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа болно.

Давамгай Байдалтай Хуулийн Этгээд Бусад Хуулийн Этгээдтэй Нийлэх, Нэгдэх Замаар Өөрчлөн Байгуулагдах Зохицуулалт

Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх  бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргаж, шаардлагатай баримтыг хүргүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг баталсан.

Тус журмын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулийн этгээдийн ирүүлсэн өргөдөл, холбогдох материалыг хянаж, нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах үйл ажиллагааны үр дүнд өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхэд хяналт шинжилгээ хийнэ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан дүгнэлт гаргана. Энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл гаргуулж болно.

Шудaрга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хянаж өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзвэл Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журмын дагуу татгалзсан дүгнэлтийг гаргана.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гаргасан энэхүү татгалзсан дүгнэлт нь нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх, хувьцаа худалдах болон худалдан авч байгаа хуулийн этгээдийн дүрмийн санд өөрчлөлт оруулж бүртгэхгүй байх үндэслэл болдог байна.

Хэрэв улсын эдийн засагт ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдвол давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдахыг зөвшөөрч болдог байна.

Үл Хөдлөх Эд Хөрөнгийг Давхар Барьцаалах Талаар

Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй.

Өмнө нь талуудын байгуулсан гэрээгээр хориглосон бол давхар барьцаалж болдоггүй байсан. 2015 оны Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр тогтоолоор энэхүү зохицуулалт хүчингүй болсон. Тиймээс одоо барьцааны зүйлийг хэдэн ч удаа давхар барьцаалж болох зохицуулалттай.

Барьцаалуулагч нь дараачийн барьцаалагчтай гэрээ байгуулахдаа тухайн барьцааны зүйл өмнө нь барьцаалагдсан талаар түүнд мэдэгдэх үүрэгтэй. Хэрвээ мэдэгдээгүй бол дараачийн барьцаалагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Дараачийн барьцаалагч барьцааны гэрээгээ цуцалж, учирсан хохирлоо мөн нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

Талууд барьцааны дараачийн гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх барьцааны улсын бүртгэлийн тухай заана.

Өмнөх барьцааны гэрээнд дараачийн барьцааны гэрээний нөхцөлийг тусгасан бол дараачийн барьцааны гэрээг байгуулахдаа өмнөх гэрээнд тусгагдсан нөхцөлийг заавал тусгана. Хэрвээ энэхүү нөхцлийг тусгаагүй бол дараачийн барьцаалагч урьдчилан мэдэж байсан эсэхээс үл хамааран шүүх өмнөх барьцаалагчийн нэхэмжлэлээр дараачийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Хэрэв өмнөх болон дараачийн гэрээний барьцаалагч, барьцаалуулагч нь нэг этгээд байвал энэ зүйлд заасан журам хамаарахгүй.

Давхар барьцааг бүртгэх

Давхар барьцааг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Дараачийн бүх барьцааны тухай өмнөх барьцааны улсын бүртгэлд тэмдэглэгээ хийнэ.

Барьцааны зүйлийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалсан тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана. Өөрөөр хэлбэл, барьцаалагчийн шаардлагыг хангахдаа барьцааны зүйлээс улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар хангуулна.

Өмнөх барьцаалагч нь барьцааны зүйлээс өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулаагүй бол энэ эрх нь дараачийн барьцаалагчид шилжинэ.

Барьцаалагч нь тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа бусад барьцаалагчид энэ тухай бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэж байгаа гол шалтгаан нь барьцаалагчийн аль нэг нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан бол өмнөх болон дараачийн барьцаагаар хангагдах үүргийг шаардах хугацаа болоогүй байсан ч бусад барьцаалагч тухайн барьцааны зүйлээс нэгэн зэрэг хангуулахаар шаардаж болно .Бусад барьцаалагч зөвшөөрсөн бол барьцаа тус бүрийг хангах шаардлагыг тухайн үүргийг гүйцэтгэх хугацааны дарааллын дагуу хангана.

Хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах

5 болон түүнээс дээш хувийн саналын эрхтэй энгийн хувьцаа эзэмшигч нь дараах 4 асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад санал оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагад гаргаж болдог байх нь. Үүнд

  1. хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар;
  2. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх санал;
  3. тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх санал;

( (ii) болон iii) aсуудлыг компанийн дүрэмд хурлаар хэлэлцэхээр заасан бол)

  1. гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлэх хүний талаарх санал.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар саналыг оруулахдаа тодорхой шаардлага, шалгуур хангах ёстой. Ингэхдээ саналаа бичгээр гаргах бөгөөд санал гаргах үндэслэл, санал оруулж байгаа хувьцаа эзэмшигчийн овог нэр, түүний эзэмшлийн хувьцааны төрөл (энгийн эсвэл давуу эрхийн гэх мэт), тоо (хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа тоо)-г тусгана.

Төлөөлөн удирдах зөвлөл, тооллогын комиссын гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлбэл нэр дэвшигчийн овог нэр, (хэрвээ компанийн хувьцаа эзэмшигч бол хувьцааны тоо төрөл), нэр дэвшүүлж байгаа хувьцаа эзэмшигчийн овог нэр, хувьцаа төрөл, тоо, нэр дэвшүүлж байгаа үндэслэлээ дурьдах ёстой.

Шийдвэр гаргахад дээр дурьдсан шалгуурууд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Саналыг шийдвэрлэх процесс

Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй тохиолдолд гүйцэтгэх удирдлага ирүүлсэн саналыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ ирүүлсэн санал нь дээр дурьдсан шаардлагыг хангасан эсэхийг шалгаад хэрвээ хангасан бол уг саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах үүрэгтэй. Хэрвээ санал нь шаардлага хангаагүй бол татгалзсан шийдвэрийг шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор санал гаргасан хувьцаа эзэмшигчид хүргүүлнэ.  

Хэрвээ санал гаргагч татгалзсан шийдвэртэй санал нийлэхгүй бол энэ талаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй.

ЗҮЙ ЁСНЫ МОНОПОЛЬ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ

Бид  өмнө нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нарын эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлаар блог хүргэсэн ба одоо Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгоно гэж тодорхойлсон.

Аливаа аж ахуй эрхлэгч зүй ёсны монополь эсэхийг Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд заасан аргачлалын дагуу тогтооно. Хэрэв Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч болох нь тогтоогдсон бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тухайн аж ахуй эрхлэгчийг Зүй ёсны монополь болохыг баталгаажуулсан шийдвэрийг гаргаж, бүртгэдэг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:

  • зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах;
  • бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.

Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч нь жил бүрийн I улиралд багтаан өнгөрсөн жилийн санхүүгийн баталгаат тайлан, зах зээлд хийсэн өөрийн судалгаа, санал болон шаардлагатай холбогдох бусад баримт бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлэх үүрэгтэй байна.

Тухайн тайлан, судалгаа, саналын дагуу гааль болон татварын байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагын гаргасан мэдээ, мэдээлэл, тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт зэрэг эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг “Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах шийдвэрийг гаргаж болдог.

Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч нар монополь байдлаа хууль бусаар ашиглаж, бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг зэргээр зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог.

ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙН ЭРХЛЭГЧ

Бид Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн талаар өмнө та бүхэнд танилцуулга бэлтгэж хүргэсэн. Энэ удаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нарын эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлаар энэхүү блогтоо хөндөхийг зорьлоо.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нарын харилцааг одоогоор Өрсөлдөөний тухай хууль, Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам болон Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохицуулж байна.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэдэг нь тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг тухайн зах зээлд эзэлж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгоно гэж заажээ. Мөн тухайн зах зээлийн борлуулалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болдог байна.

Аливаа аж ахуй эрхлэгч давамгай байдалтай эсэхийг  Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд заасан аргачлалын дагуу тогтооно. Хэрэв давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох нь тогтоогдсон бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тухайн аж ахуй эрхлэгчийг давамгай  байдалтай болохыг баталгаажуулсан шийдвэрийг гаргаж, бүртгэдэг.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь жил бүрийн I улиралд багтаан өнгөрсөн жилийн санхүүгийн баталгаат тайлан, зах зээлд хийсэн өөрийн судалгаа, санал болон шаардлагатай бусад холбогдох баримт бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлэх үүрэгтэй байна.

Тухайн тайлан, судалгаа, саналын дагуу гааль болон татварын байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагын гаргасан мэдээ, мэдээлэл, тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт зэрэг эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах шийдвэрийг гаргаж болдог.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нар давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг зэргээр зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах хуулийн үндэслэл

Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.

  • төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;
  • төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;
  • компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн;
  • компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон;
  • төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;
  • аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхийг шаардсан;
  • компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

Компанийн хуулинд (61.1.2-т.) төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчид (цаашид “хурал санаачилгач” гэх ) ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх удирдлагад гаргах эрхтэйг заасан бөгөөд ийнхүү санал, шаардалага гаргахдаа ямар журмаар гаргахыг нарийвчлан зааж, хэрхэн шийдвэрлэх талаар нарийн зохицуулсан байна. Энэ зохицуулалт нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гол ялгагдах, онцлог зохицуулат байна.

Дээр дурьдсан төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, 10% болон түүнээс  дээш хувийн хувьцаа эзэмшигч санал шаардлага гаргахдаа i) өөрийн бүтэн нэр, ii) хувьцааны тоо, төрөл iii) хурал хуралдуулах болсон шалтгаан iv) хэлэлцэх асуудал v) шийдвэрийн төслийг тусгасан бичгийг төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх удирдлагад гаргахаар Компанийн хуулианд заасан байна.

Төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх удирдлага энэхүү бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана. Шийдвэр гаргахдаа 2 төрлийн шийдвэр гаргаж болно:

1) хурал санаачилагчийн санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах. Энэ тохиолдолд дээрх шаарлага хангасан бичиг хүлээн авсан буюу санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг зарлан хуралдуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцна.

2) Хэрвээ санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй, хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх удирдлага татгалзсан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг санал, шаардлага гаргасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон хувьцаа эзэмшигчдэд нэн даруй мэдэгдэнэ.

Хурал санаачилагч дээрх татгалзасан шийдвэртэй санал нийлэхгүй бол энэ талаар шүүхэд гомдол гаргаж болно.

Хэрвээ дээр дурьдсан ажлын 10 хоногт ТУЗ эсвэл гүйцэтгэх удирдлага ямар нэгэн шийдвэр гаргаагүй бол хурал санаачилагч  (хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн)  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болохоор зохицуулсан байна. Энэ тохиолдолд хурлыг зарлах, хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцаж болно, хариуцахгүй байж ч болно.

Дүгнэлт гол ялгаа

Хувьцаа эзэмшигчийн ээлжит хурал болон ээлжит бус хурлын гол ялгаа  нь ээлжит хурал нь хуралдуулах шийдвэр гарсанаас хойш 40-оос доошгүй хоногийн дараа хуралдуулна, ээлжит бус хурал нь шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор хуралдуулна.

Эрх зүйн үр дагаврын хувьд ээлжит хурлыг жил бүрийн 4 сард багтаан хуралдуулаагүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь бүхэлдээ дуусгавар болж, зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй үлдэнэ. Ээлжит бус хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хурал санаачилагч өөрөө хурал зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд хурал хуралдуулахаас татгалзсан шийдвэртэй санал нийлээгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой.

Хэлэлцэх асуудлын хувьд  ээлжит хурлаар заавал хэлэлцэх асуудал нь компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах, харин ээлжит бус хурлын хувьд заавал хэлэлцэх ёстой асуудал байхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэж болно.

Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хэзээ хуралдуулах ёстой вэ

Компанийн тухай хуулийн 59.4.-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасан байдаг.

Санхүүгийн жил гэдэг нь санхүүгийн тайлан тооцоогоо тооцож, тайлан гаргаж, татвар төлдөг хугацааг хэлдэг. Улс орнууд санхүүгийн жил 12 сартай байх ёстой гэж үздэг ч тухай бүртээ календарийн жилтэй давцаж байх албагүй гэж үздэг. Тиймээс улс орнуудын санхүүгийн жил харилцан адилгүй, ялгаатай байдаг. Монгол улсын хувьд Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болдог. Тиймээс санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор гэдэг нь жил бүрийн 4 сард багтаан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж байх үүрэг хүлээж байна гэсэн үг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 4 сард багтаан Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр зарлан хуралдуулна.

ТУЗ эсвэл гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаснаас хойш 40-ээс доошгүй хоногийн дараа хуралдуулна. Хэрвээ компанийн дүрэмд 45 хоногийн дараа эсвэл 50 хоногийн дараа гэж заасан бол 45 болон 50 хоногийн дараа хуралдуулна гэсэн үг. Хэрвээ компанийн дүрэмд тодорой хугацаа заагаагүй бол хуулийн хугацаа болох 40-ээс доошгүй хоногийг баримтлана.

Тэгэхээр дээрх хуулийн заалтын хувьд шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл, хэрвээ ТУЗ байхгүй бол гүйцэтгэх удирдлага, хугацааны хувьд жил бүрийн 4 сарын дотор багтаан хуралдуулах шаардлага тус тус тавигдаж байна гэсэн үг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд ямар үр дагавар үүсэх вэ

  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 4 сард багтаан хуралдуулаагүй тохиолдолд ТУЗ-ын бүрэн эрх бүхэлдээ дуусгавар болж зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах эрх нь нь үлдэнэ. ТУЗ-ын бүрэн эрх дуусгавар болсон өдрөөс хойш ТУЗ аливаа  шийдвэр гаргах эрхгүй бөгөөд хэрвээ аливаа шийдвэр гаргасан тохиолдолд баталсан зөвшөөрсөн байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болно.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэрийг хэн гаргах эрхтэй вэ

Төлөөлөн Удирдах Зөвлөл

Гүйцэтгэх Захирал (ТУЗ байхгүй бол)

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар заавал хэлэлцэх асуудал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар заавал хэлэлцэх ёстой асуудал бол компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах. Хувьцаа эзамшигчдийн хуралтай холбогдсон зардлыг компани хариуцана.