Монгол Улсын Өрсөлдөөний Тухай Хуулийн Дахин Борлуулах (Жижиглэн Худалдаа) Үнийн Зохицуулалт

Саяхан манай нэг үйлчлүүлэгч Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль ялангуяа жижиглэн худалдааны үнийг зохицуулалттай холбоотой асуудлаар зөвлөгөө авахаар бидэнд хандсан. Үйлчлүүлэгч маань Монгол Улс нь АНУ, Өмнөд Солонгос, Хонконг зэрэг бусад улс орнуудтай адил жижиглэн худалдааны үнэ тогтоохын эсрэг зохицуулалттай байх гэсэн таамаглалтай байсан юм. Бид үйлчлүүлэгчдээ хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх явцдаа Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн талаар танилцуулга мэдээлэл бэлтгэн хүргэхээр шийдсэн.

        Монгол Улсад анх Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль 1993 онд батлагдаж, 2000 онд нэмэлт, өөрчлөлт  орсон ба түүнээс хойш арван жилийн дараа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өрсөлдөөний тухай хууль шинэчлэн батлагдсан байна. Тус Өрсөлдөөний тухай хууль нь 5 бүлэг, 27 зүйлтэй.

        Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн.

Монгол Улсын хувьд бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх хэмжээ хүрээнээс хамааран аж ахуйн нэгжүүдэд өөр ялгамжтай хязгаарлалт, зохицуулалтуудыг Өрсөлдөөний тухай хуульд тусгажээ.

        Жижиглэн худалдааны үнийн зохицуулалын тухайд зүй ёсны монополь байдалтай болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь тухайн бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнийг тогтоох, нутаг дэвсгэрийг хуваан борлуулахыг хатуу хориглодог.

        Мөн түүнчлэн, жижиглэн худалдаа эрхлэгч нараас борлуулах нэмэлт нөхцлийг шаардах, бүтээгдэхүүнийг өөр үнээр борлуулах, хууль ёсны үндэслэлгүйгээр бүтээгдэхүүн борлуулахаас татгалзахыг хориглодог байна. Харин үүнд тухайн бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн зардал, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчээс жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарт олгодог урамшууллаас улмаас бий болсон бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт хамаардаггүй байна.

Хэрэв зүй ёсны монополь байдалтай болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нар Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон дээр дурдсан ноёлох үйл ажиллагаа явуулсан бол улсын байцаагч учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг ногдуулдаг байна.

Их хэмжээний хэлцэл хийхтэй холбоотой зөвшөөрөл авах буюу шийдвэр гаргуулах

Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг эхлээд Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс авна. Хэрвээ Төлөөлөн Удирдах Зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулна.

Компанийн хуулийн 88.1-т “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.

Санал нэгтэйгээр шийдвэр гаргана гэдгийг юу гэж ойлгох вэ.  Жишээ нь А гэдэг нэртэй ХХК нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-тэй гэж бодьё. ТУЗ-ын бүх гишүүн буюу 5 гишүүн  их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрнө гэсэн үг үү эсвэл  ТУЗ-ийн 5 гишүүнээс 1 гишүүн нь ТУЗ-ийн хуралд ирээгүй, хуралд оролцсон 4 гишүүн  зөвшөөрсөн тохиолдолд санал нэгтэйгээр шийдвэр гаргасан гэж үзэх үү. Хуралд оролцсон эсэхийг үл харгалзан ТУЗ-ийн бүх гишүүд их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрүүлэхийг ойлгож байна уу эсвэл ТУЗ-ын хуралд ороцсон бүх гишүүд зөвшөөрөхийг ойлгож байна уу гэдэг асуулт гарах байхаа.

Энэ тохиолдолд ТУЗ-ийн хурлын хүчин төгөлдөр байдал болон шийдвэр хүчин төгөлдөр болох зохицуулалтыг Компанийн хуулиас харвал Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Мөн түүнчлэн тухайн компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. Тиймээс тухайн компани компанийн дүрмээрээ бүх гишүүдийн саналаар ТУЗ-ийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж заагаагүй бол тухайн хуралд оролцсон бүх гишүүдийн шийдвэрээр их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрнө гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хуралд оролцсон бүх гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрч байж их хэмжээний хэлцэл хийнэ гэсэн үг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудал шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Компанийн дүрмээр зарим ТУЗ-ын гишүүдийг их хэмжээний хэлцэл хийх шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй байхаар зохицуулсан байж болно. Энэ тохиолдолд шийдвэрийг саналын эрхтэй ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй буюу ТУЗ-ын хуралд оролцсон гишүүдийн зарим нь зөвшөөрөөгүй буюу дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ.

Их хэмжээний хэлцэл хийх асуудлаар эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь  өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.

Их хэмжээний хэлцэл хийхэд юу анхаарах ёстой вэ

Их хэмжээний хэлцлийн талаарх тодорхойлолтыг Компанийн хуулийн 87.1.1, 87.1.2-т  тус тус заасан байна. Энд нурших нь илүүц байх, гэхдээ гол агуулгыг нь дурьдая. Их хэмжээний хэлцэл гэж сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ хэлцэл эсвэл компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа,  энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргахад хамаарах талаар заасан.

Тэгэхээр их хэмжээний хэлцэл нь эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой хэлцэл багтдаг байна. Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн (компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан) зах зээлийн үнийг тодорхойлох хэрэг гарна. Худалдагч худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнэ гэж ойлгоно.

Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно. Ингэж тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно.

Ковид-19 Цар Тахалаас Улбаатай Гэнэтийн Болон Давагдашгүй Нөхцөл Байдал

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж зарлаад байгаа Коронавирус (COVID-19)-ийн тархалтаас үүдэлтэй Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлээд буй хорио цээрийн онцгой нөхцөл бизнес эрхлэгч хувь хүн хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндээр тусч эхлээд байна.

Энэ нь бизнес эрхлэгч нар зээлийн төлбөр, хүү, түрээсийн төлбөр зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байх эрсдэлийг бий болгож байна.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал хүндэтгэн үзэх үндэслэл болох ба талуудын гэрээгээр хүлээж буй үүрэг, хариуцлага болон эрсдэлийг хуваарилах асуудлууд тулгарч байна.

Иймд бид үйлчлүүлэгчиддээ энэ хүнд үеийг хохирол багатай туулж гаргах арга зам, гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг эрэлхийлсэн хууль зүйн гарц, зөвлөгөө туслалцааг үзүүлж байна. Гэрээний үүргээс чөлөөлөгдөх давагдашгүй хүчин зүйлийг нотлох баримт нь давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ юм.  

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Худалдаа аж үйлдвэрийн танхим нь “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” бүрэн эрхтэй байхаар хуульчилжээ.

Тиймээс, талууд хоорондоо гэрээний үүрэг биелүүлэх, биелүүлж байх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд МҮХАҮТанхимаас “Force majeure” буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон “Hardship” буюу Хүнд нөхцөл байдал”-ын баталгаа гаргаж өгдөг. 

“Баталгаа” гаргуулахыг хүсэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага МҮХАҮТ-д дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  • Баталгаа гаргуулах тухай хүсэлт
  • Гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /монгол хэлээр/
  • Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тухайн нөхцөл байдлыг нотлох бусад баримт бичиг

Хэрэв та дээрх нөхцөл байдал дахь өөрийн эрх, үүрэг хариуцлагын талаар зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ДАМПУУРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ НЬ

Нэхэмжлэгч нарын анхны хурлаас санал болгосон этгээдийг шүүх 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэдэг.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, хууль, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой хувь хүн, эсхүл хууль зүй, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэг бүхий хуулийн этгээд  байна.  Харин дампуурлын хэрэг дэх хариуцагч, нэхэмжлэгч этгээд, түүний удирдлага, гишүүн, эсвэл тэдний гэр бүлийн хамаарал бүхий этгээд хэрэг гүйцэтгэгчээр томилогдохыг хориглодог.

Хэрэг гүйцэтгэгч нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь эрх, үүрэгтэй оролцдог байна. Үүнд:                 

  • шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх;
  • хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч, тооллого явуулах;
  • шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах;
  • нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах;
  • дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, хуульд заасан үндэслэлээр гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах;
  • тусгай данс нээж хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх;
  • хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах;
  • шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах;
  • хариуцагчийн талаар гаргасан өөрийн дүгнэлтийг холбогдох этгээдүүдэд танилцуулах;
  • хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх;
  • нэхэмжлэгчдийн тогтоосон цалин хөлсний хэмжээнд багтаан өөрт туслагчийг  хөлсөөр ажиллуулах;
  • хуульд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах; болон
  • хуульд заасан бусад эрх, үүрэг.

Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог, удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт, нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаархи санал, шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримтыг тусгасан хариуцагчийн үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг шүүхээр батлагдсанаасаа хойш 2О хоногийн дотор гаргаж, шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна.

Хэрэг гүйцэтгэгч нь дээрх эрх, үүргээс гадна хариуцагчийн дахин хөрөнгөжүүлэх, мөнгөн хөрөнгийг хуваарилах, татан буулгах үйл ажиллагаанд нөлөө бүхий эрх үүрэгтэй оролцдог байна.

Хэрэг гүйцэтгэгч нь хуурч мэхлэх, хайхрамжгүй хандах зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас хариуцагчид ямар нэгэн хохирол учруулбал уг хохирлыг биечлэн хариуцахаар хуульчилсан бөгөөд дампуурлын хэргийн оролцогчид хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргах, шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх эрхтэй байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ АПОСТИЛЬ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсын бичиг баримтыг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай байдаг.

Апостиль нь төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэр, төрийн байгууллагаас гаргасан бусад баримт бичиг дэх албан тушаалтны гарын үсэг болон тамга тэмдгийг гэрчилэн баталгаажуулдаг бөгөөд ингэснээр Гаагийн Конвенцийн Гэрээ эсвэл Гаагийн Апостилийн конвенц гэдгээр танигдсан 1961 оны Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцид нэгдэн орсон гадаад улсуудад хүлээн зөвшөөрөгддөг юм.

Монгол Улс 2009 оны 12-р сарын 31-ний өдрөөс эхлэн Гаагийн Апостилийн конвенцийн гишүүн улс болсон бөгөөд энэ нь Монгол Улсад баталгаажсан  баримт бичиг нь Апостилийн конвенцийн гишүүн 117 улсын хувьд хүчин төгөлдөр болох бөгөөд хүлээн авагч улсад дахин баталгаажуулалт, нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болно. Харин Австри, Бельги, Финланд, Герман, Грек болон Монгол улсын хувьд аль аль тус улсын апостиль гэрчилгээг хүлээн зөвшөөрдөггүй байна.

Монгол Улсын баримт бичгийг Гадаад хэргийн яам, элчин сайдын яам эсвэл консулын газар ихэвчлэн aпостиль гэрчилгээ олгон баталгаажуулдаг. Энэхүү апостиль гэрчилгээ нь зөвхөн гарын үсэг, гарын үсэг зурсан эрх бүхий этгээд болон тамга, тэмдгийг баталгаажуулж өгдөг. Харин тухайн баримт бичгийн агуулгыг баталгаажуулдаггүй болно.

Апостиль гэрчилгээ авахдаа Монгол улсын баримт бичгийн эх хувийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж, хүлээн авах улсад хэрэглэгдэх хэл дээр баталгаат орчуулга хийгдсэн байна. Тэрхүү баримт бичгийн орчуулга нь мөн Монгол улсын нотариатаар баталгаажуулсан байхыг шаарддаг.

Монгол улсын дараах төрлийн баримт бичигт апостиль гэрчилгээ авах боломжтой:

  • Иргэний үнэмлэх, паспорт, иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээ;
  • Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт;
  • Бүх төрлийн боловсролын гэрчилгээ;
  • Шүүх, прокурорын шийдвэр болон
  • Төрийн захиргааны байгууллагаас олгодог бусад баримт бичиг.

Апостиль гэрчилгээ нь материал өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дараа гардаг.

Хэрэв та одоо Монгол улсад байгаа, өөрийн бичиг баримтаа баталгаажуулахад туслалцаа авах шаардлагатай бол манай фирмтэй холбогдоорой.

Мөнгө Угаах Болон Терроризмын Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуулийн Хэлэлцүүлэг

Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас анх 2006 оны 07 дугаар сарын 8-ны өдөр баталсан. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага  (ФАТФ)-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2007, 2017 онуудад Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээ хийсэн байдаг.

ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард оруулсан. Үүнтэй холбогдуулан ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага Манай улсад үүсээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар ФАТФ-ын жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг олон талт төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан. Тус ажлын хэсэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан.

ФАТФ-аас Монгол Улсад үүрэг болгосон ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хариуцлагын тогтолцооны бүрдэл үндэс болох хуулиудын уялдаа холбоог хангах, зөрчлийг арилгах арга хэмжээг авснаар салбарын давхардал, хийдэлгүй нэгдсэн систем ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн, олон улсын нийтлэг шаардлагад суурилсан байхад анхаарсан ажээ.

Тухайлбал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан зарим нэр томъёог тодорхой болгох, хяналт тавих этгээдийг ялгамжтай байдлыг хангах, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт тавих эрх зүйн орчинг бүрдүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг зохицуулалтыг хуулийн төслүүдэд тусгасан байна.

Эдгээр хуулийн төслүүд нь удахгүй Монгол улсын их хурлаар хэлэлцэгдэн батлагдахаар хүлээгдэж байна.

Монгол Улсын Татварын Хуулийн Шинэчлэл

Монгол Улсын Их Хурал 2019 оны 3-р сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан татварын багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Татварын шинэ хуулиар Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Татварын Ерөнхий газар тус хуулийг хэрэгжүүлэх хэд хэдэн заавар, журмыг шинээр батлан гаргах үүрэг хүлээсэн. Эдгээр заавар журмууд нь татварын орчинд ихээхэн чухал үүрэгтэй тул татварын хууль тогтоомжийн өөрчлөлттэй цаг алдалгүй танилцах хэрэгтэй.

Татварын шинэ багц хууль болох Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хэрэгжүүлэх бусад заавар, журам нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Татвар төлөгчид бодитой эерэг нөлөө үзүүлэх, шинэ шаардлагыг хэрэгжүүлэх тодорхой  арга хэмжээ авах тухай хэд хэдэн чухал өөрчлөлтүүд туссан. Татварын энэхүү гол шинэчлэлд татварын сэжигтэй үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг сайжруулах, компанийн нөхөн сэргээх зардал болон  байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний худалдаа авалтанд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүд болно.

Мөн түүнчлэн, 2020 онд шинээр орон сууц худалдан авагчид 6 сая хүртэл төгрөгийн татварын буцаан олголт олгоно. Жүжигчид гэх мэт бие даасан уран бүтээлчид татварыг өмнөх орлогоос биш цэвэр орлогоос татвар төлөхөөр болсон. Хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг 5 хувь, борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс доош хувь хүн, байгууллагыг нийт борлуулалтын орлогын 1 хувь, жижиг худалдаа эрхлэгчидийн хувьд борлуулалтын хэмжээнээс хамаараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-50 хүртэл хувиар тус тус татвар ногдуулахаар болжээ.

ГАДААД УЛСЫН ТЕЛЕВИЗИЙН СУВГИЙГ МОНГОЛ УЛСАД ӨРГӨН НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

Гадаад телевизийн сувгийг Монгол улсад өргөн нэвтрүүлж буй практикийн талаар блог бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр манай улсад телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд өөрсдийн үндсэн багц үйлчилгээгээр нийт 130 гаруй гадаадын телевизийн сувгийг Монгол улсад цацаж байна. Манай үйлчлүүлэгч гадаад телевизийн сувгийг Монгол улсад өргөн нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг эсэх талаар биднээс тодруулсан юм.

Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд гадаад улсын телевизийн оператор, дистрибьютер нь Монгол улсад гадаад улсын сувгийг өргөн нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл авахыг шаарддаггүй байна. Харилцаа холбооны зохицуулах газраас телевизийн өргөн нэвтрүүлэгтэй холбоотой үйлчилгээ эрхлэгч нарт дараах төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Үүнд:

  • Тоон телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх;
  • Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх; болон
  • Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх.

Зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд дээрх тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй байна. Бодит байдал дээр гадаад улсын телевизийн оператор, дистрибьютер нар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй Монголын хуулийн этгээдтэй гэрээ хийсний үндсэн дээр монгол улсад телевизийн сувгаа дамжуулан нэвтрүүлдэг байна. Гадаад улсын өргөн нэвтрүүлгийн контент Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй байх үүргийг дамжуулан нэвтрүүлж буй этгээд хүлээдэг байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай шинэ хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн баригдсан байгаа ба удахгүй батлагдахаар хүлээгдэж байна. Тус хуулийн төсөлд гадаад улсын телевизийн сувгийг Монгол улсад дамжуулан нэвтрүүлэх гэрээ хийгдэхээс өмнө Харилцаа холбооны зохицуулах газарт бүртгүүлдэг байх зохицуулалт туссан байна.

АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өмнөх блогт амласны дагуу, энэ удаа та бүрэндаа аудитын үйл ажиллагааны талаар танилцуулахаар бэлдлээ. 2019 оны санхүүгийн жил удахгүй дууссах гэж байгаа тул энэхүү мэдээлэл зарим аж ахуйн нэгж байгууллагад хэрэг болно гэж итгэж байна.

Монгол Улсад аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.  

Эдгээр аудитын хуулийн этгээд нь санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн тайланг нягтлах, бусад санхүүгийн холбогдох үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болдог.

Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зарим аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй байдаг. Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүнийн тайландаа заавал аудит хийлгэдэг. Үүнд:

  • санхүүгийн тайлагналын олон улсын стандарт мөрддөг аж ахуйн нэгж, байгууллага;
  • нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;
  • өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
  • гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
  • сан; болон
  • Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.

Хувьцаат компани болон банкнаас бусад дээр дурдсан ихэнх аж ахуйн нэгж, байгууллага дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор санхүүгийн жилийн тайландаа аудит хийлгэх үүрэгтэй. Харин өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн байхыг шаарддаг байна.

Заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайландаа аудит хийлгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл хуульд заасан хугацаанд хийлгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээх зохицуулалттай.