Үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болсон аливаа бизнесийн хувьд компанийг татан буулгах нь маш чухал үйл явц юм. Монголд компанийг татан буулгах эрх зүйн үндэс нь үйл явцыг ил тод, тодорхой, хувьцаа эзэмшигчдэд шударга байх зорилготой. Энэ удаагийн блогоор Монгол Улсад хуулийн этгээдийг татан буулгах үндсэн алхамууд, түүний дотор татан буулгах төрөл, түүнд хамаарах шаардлага, алхамуудын талаар тайлбарлах болно.
Татан буулгах төрлүүд
Монголд хуулийн этгээдийг татан буулгах шалтгааныг хоёр үндсэн төрөлд хуваадаг: Үүнд
1. Сайн дураар татан буулгах: Энэ нь компанийн өмчлөгч эсвэл хувьцаа эзэмшигчид бизнесийн үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн үед үүсдэг. Сайн дураараа татан буулгах шалтгаан нь санхүүгийн хүндрэл, зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх, өөр төрлийн бизнес эрхлэх стратегийн төлөвлөгөө байж болно.
2. Албадлагаар татан буулгах: Компани өр зээлээ төлж чадахгүй бол зээл олгогч эсвэл шүүх энэ төрлийн татан буулгах ажиллагааг эхлүүлнэ. Энэ нь компанийн өр төлбөр өөрийн хөрөнгөөсөө хэтэрснээс шалтгаалан дампуурсанд тооцогдох тохиолдолд үүсдэг.
Татан буулгах үйл явц
Монгол Улсад татан буулгах үйл явц нь хэд хэдэн үндсэн алхамаас бүрддэг.
1. Татан буулгах шийдвэр
Сайн дураар татан буулгах тохиолдолд хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргах ёстой. Шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал гаргах бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлд тусгасан байна.
2. Татан буулгах комисс томилох
Татан буулгах комиссыг татан буулгах үйл ажиллагаанд хяналт тавихаар томилдог. Комисс нь өр төлбөрийн тооцоог хийх, хөрөнгө худалдах, үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах үүрэгтэй. Татан буулгах комисс мэргэшсэн байх ёстой бөгөөд дампуурлын талаар туршлагатай хувь хүн, байгууллагууд байж болно.
3. Мэдэгдэл
Компани татан буулгах шийдвэр гаргасны дараа Улсын бүртгэлийн газар, Татварын байгууллага гэх мэт холбогдох эрх бүхий байгууллагуудад мэдэгдэх ёстой. Түүнээс гадна компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ алхам нь зээл олгогчдод тухайн компанийг татан буулгах тухай мэдэгдэх хуулийн үүргийг хангана.
4. Хөрөнгийн үнэлгээ ба хөрөнгийг худалдах ажиллагаа
Татан буулгах комисс компанийн хөрөнгийг үнэлж, зах зээлийн үнэ цэнийг тодорхойлно. Түүний дараа өр төлбөрийг барагдуулахын тулд компанийн хөрөнгөөс худалдан борлуулж болно. Комиссын хувьд энэ үйл ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээг өндөрөөр тогтоох нь чухал.
5. Өр төлбөрийг барагдуулах
Татан буулгах комисс хуулиар ногдсон үүргийн дагуу компанийн өр төлбөрийг нэн тэргүүнд шийдвэрлэнэ. Ихэвчлэн эхлээд зээлдүүлэгчийн, дараа нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өр төлбөрийг барагдуулна. Татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу хуваарилна.
6. Эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах
Бүх өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилна. Энэ хуваарилалтыг хийхдээ хувьцаа эзэмшигчдийн давуу эрх, эзэмшиж байгаа хувьцааны төрөл зэргээс хамааран хуульд заасан дарааллын дагуу хуваарилна.
7. Улсын бүртгэлээс хасах
Хамгийн сүүлийн алхам нь компанийг улсын бүртгэлээс хасах явдал юм. Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцох бөгөөд энэ тухай бүртгэлийн байгууллага нийтэд мэдээллэнэ.