Монгол Улс дэвшилтэт технологи бүхий төмөрлөгийн үйлдвэртэй боллоо

Монгол Улс дэвшилтэт технологи бүхий төмөрлөгийн үйлдвэртэй боллоо


Энэ долоо хоногт дэвшилтэт техник, технологид суурилсан цоо шинэ төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч асан П.Очирбат, Шадар сайд С.Амарсайхан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар оролцсон байна.

Катодын зэс болон хаягдал зэсийг дахин боловсруулж нунтаг металл гарган авах тус шинэ үйлдвэрийг “Талын металл нунтаг” ХХК байгуулж, ашиглалтанд оруулав. Ингэснээр Монгол Улс анх удаагаа дэвшилтэт технологи бүхий төмөрлөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна. Тус металл нунтгаар эцсийн бүтээгдэхүүн болох компьютер, гар утас, автомашины эд анги, гоёл чимэглэл болон бүтээгдэхүүнийг 3D хэвлэлийн аргаар үйлдвэрлэх боломжтой бөгөөд тэдгээр эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах юм.

Монголын инженер, техникийн ажилтнууд гадаад улсын мэргжилтнүүдтэй хамтран ажиллаж энэхүү төмөрлөгийн үйлдвэрийг барьж байгуулсан байна. Тус төмөрлөгийн үйлдвэр нь жилд 3,000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Монгол Улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг ба энэхүү түүхий эдийг дахин боловсруулж ашиглах боломжтой зэсийн нунтаг гарган авах юм.

Нунтаг металл нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын чухал материал түүхий эд бөгөөд үүнийг Монголд үйлдвэрлэх суурь тавигдаж, улмаар Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Тус үйлдвэр нь зөвхөн зэсийн нунтаг бус цаашид ган, мөнгө, төмөр, никель, хром зэрэг бүх төрлийн металлын нунтаг гаргах боломжтой байна. Одоогоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж байгаа бөгөөд Их британи, Япон, БНСУ-д нийлүүлэхээр зорьж байгаа ажээ.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр тариалангийн талбай олгох ажлыг эхлүүлсэн талаар мэдээлсэн. Газар тариалангийн салбар нь дотоодын хүнсний хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд улс орны эдийн засгийн чухал хэсэг хэмээн үздэг. Монгол Улсын Засгийн газраас хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн ханган, улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тавьж шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ жил нийт 500 гаруй мянган га газарт тариалалт хийхээр төлөвлөж байгаа ба өвлийн хүлэмж барихаар зорьж байгаа аж.