Зүүнбаян болон БНХАУ-ын хилийн Ханги боомтыг холбосон шинэ төмөр замын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Энэ нь Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй бас нэгэн томоохон төслийн нэг бөгөөд Хятад улстай хийх гадаад худалдааг эрчимжүүлнэ гэж үзэж байгаа юм. Дэлхий нийтээрээ цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралаас сэргэж, Монгол улс эдийн засгаа алхам алхмаар сэргээж, эрчимжүүлж байгаа энэ үед Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил нь төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийн нэг жишээ юм.
Тус чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлснээр Ханги боомтоор нэвтрэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж, улсын импорт, экспортын хүчин чадал нийт 20 сая тонноор, нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. Энэ нь амжилттай баригдаж дууссан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй километр төмөр замын дараа хэрэгжиж байгаа төсөл юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь энэ сард ашиглалтад орно. Монгол улсын хэмжээнд шинээр барихаар төлөвлөсөн нийт 5,000 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дахин өөр гурван хилийн боомтыг шинэ төмөр замаар холбохоор төлөвлөж байгаа юм.
Мөн энэ долоо хоногт УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Одоо үйлчилж байгаа “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2009 онд баталсан хэдий ч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилго нь одоо мөрдөгдөж буй хуулиар зохицуулагдаагүй асуудлуудыг шийдвэрлэж, зохицуулах аж. Шинээр боловсруулж буй шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хөрөнгө оруулалтыг хэрхэн бодлогоор татахтай холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулж байна ажээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоолыг баталсан ба уг тогтоолын хүрээнд эх орны хөрсөнд ургуулж, хурааж авсан хүнсний ногоонд татаас олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолоор хүнсний ногооны тариалалтыг дэмжиж, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортлогч улс болох зорилтыг тавьж байгаа юм.
Дотооддоо ургуулж, хурааж авсан хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн өвлийн улиралд хүнсний ногоочдын тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хэрэглэсэн эрчим хүчний үнийг жил бүрийн 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.